БНСУ-руу 4 дүгээр сарын 17-ны өдөр захиалгат нислэг төлөвлөөд байсан ч бэлтгэл ажил хангахтай холбоотойгоор түр хугацаагаар хойшлуулаад байсан юм. Тэгвэл өчигдрийн Улсын Онцгой комиссын хуралдааны үеэр Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин ойрын хугацаанд БНСУ болон Европын чиглэл болох ХБНГУ руу нислэг үйлдэх хугацааг товлон бэлтгэл ажил хангах үүрэг чиглэлийг холбогдох албаныханд өгсөн юм.
Улмаар 4 дүгээр сарын 30 нд БНСУ руу, 5 дугаар сарын 02-нд ХБНГУ-ын Франкфурт хот руу захиалгат нислэг хийхээр төлөвлөөд байна. Хоёр нислэгээр нийт 500 орчим иргэд ирнэ.
Бүртгэлийн тухайд дээрх хоёр улс дахь Элчин сайдын яамд шинээр иргэдийг бүртгэхгүй. Өмнө нь эх орондоо ирэх хүсэлт гарган бүртгүүлсэн иргэдээс хүндэтгэн үзэх шалтгаантай буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэн, бага насны хүүхэд, ахмад настан мөн 18 хүртэлх настай оюутнууд багтах бөгөөд Онцгой байдлын ерөнхий газар дээрх иргэдийн бүртгэл, мэдээлэлд хяналт тавьж ажиллана.
Мөн 48 цагийн дотор Ковид-19 халдварын шинжилгээ өгсөн, хариу нь сөрөг гарсан иргэдийг онгоцонд суулгах шаардлагыг тавина гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.