Цаг үеийн мэдээ

ЭМЯ-наас коронавирусийн цаг үеийн асуудлаар мэдээллээ.

Хэвлэлийн хуралд ЭМЯ-ны Шинжлэх ухаан, технологийн нарийн бичгийн дарга Э.Оюунсүрэн оролцож, дэлхий дахинд хийгдэж буй судалгаа, шинжилгээний тоймыг танилцуулав.

Зургадугаар сарын 18-ны өдрийн байдлаар дэлхий дахинд COVID-19-тэй холбоотой эрдэм шинжилгээ, судалгааны 32,639 өгүүлэл хэвлэгдсэн байна.

Одоогоор дэлхийн хэмжээнд уг өвчний эсрэг вакцин бүтээх нийт 140 гаруй туршилт явагдаж байгаа бол 2,192 эмнэл зүйн туршилт судалгаа хийгдэж байгаа юм. Үүнээс 143 нь амжилттай болжээ.

ДЭМБ-ын эм бүтээх Эв санааны судалгаанд 3,500 гаруй өвчтөн хамрагдаж байна.

1. ДЭМБ-ын санаачилгаар хийгдэж буй Эв санааны судалгааг дэлхийн эрдэмтэд нэгдэж, COVID-19-ийн эсрэг эмчилгээний эм гаргаж авахаар ажиллаж буй.

Энэ судалгаанд нийт 3,500 гаруй өвчтөн хамрагдаж, 100 гаруй улс орон оролцож байгаа юм.

Илүүдэл жинтэй өвчтөнүүд уушгины үрэвсэл, амьсгалын дутагдалд орох магадлал өндөр.

2. Итали улсын их сургуулийн эрдэмтэд илүүдэл жинтэй, коронавирусийн халдвар авсан өвчтөнүүдийг хэвийн жинтэй өвчтөнүүдтэй харьцуулахад уушгины үрэвслээр өвдөх, амьсгалын дутагдалд орох магадлал нь өндөр байгааг тогтоожээ.

Илүүдэл жинтэй иргэдийн хэвтэн эмчлүүлсэн хоногийг харьцуулахад дунджаар долоо хоног илүү байгаа аж.

COVID-19-ийн вирус нүднээс ялгарах шүүрлээр дамжин халдварлах боломжтой.

3. БНХАУ-д хэвтэн эмчлүүлж байсан 30 өвчтөний нэгийнх нь нүдний шүүрлээс вирус илэрсэн байна.

Мөн Ухань хотын Анагаах ухааны их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар БНХАУ-ын 30 эмнэлэгт COVID-19-ийн улмаас хэвтэн эмчлүүлсэн 1,099 өвчтөний 9 хувь нь нүдний салст улайсан шинж тэмдэгтэй байжээ.

Энэ нь COVID-19 өвчний вирус нүдний салстыг гэмтээж, үрэвсэл үүсгэж болох бөгөөд нүднээс ялгарах шүүрлээр дамжин халдварлах боломжтойг харуулж байна гэж тэд үзжээ.

Хүүхэд бөөлжих, суулгах зэрэг шинж тэмдэг илэрвэл анхааралдаа авах шаардлагатай.

4. Хубэй мужийн Анагаах ухааны их сургуулийн эрдэмтэд БНХАУ-ын дөрвөн эмнэлэгт COVID-19-ийн улмаас хэвтэн эмчлүүлсэн 34 хүүхдийг судалгаанд хамруулжээ.

Судалгаанд оролцсон хүүхдийн 18 хувийнх нь биеийн байдал хөнгөн, 82 хувийнх нь биеийн байдал дунд зэрэг байсан аж.

Хүүхдүүдийн дунд илэрсэн эмнэл зүйн шинж тэмдэг нь:

-76 хувь нь халуурсан,

-62 хувь нь ханиалгасан,

-21 хувь нь цэртэй ханиалгасан,

-12 хувь нь бөөлжсөн,

-12 хувь нь суулгасан байна.

Мөн халдвар авсан 10 хүүхэд тутмын нэгд нь бөөлжих, суулгах зэрэг шинж тэмдэг илэрсэн тул эцэг, эхчүүд хүүхдэдээ ийм шинж илэрвэл анхааралдаа авах шаардлагатайг зөвлөжээ.

5. Бээжин хотын их сургуулийн эрдэмтэд халдвар авсан 94 өвчтөнүүдийн дунд судалгаа хийсэн байна.

Тэд COVID-19 халдварын улмаас нас барах эрсдлийг ихэсгэж буй хүчин зүйл нь:

-Өндөр нас,

-Зүрх судасны өвчин,

-Цусны даралт ихсэх өвчин,

-Чихрийн шижин,

-Амтлах, үнэрлэх мэдрэмжээ алдах юм.

6. АНУ-ын нэгэн их сургуулийн судлаачид үнэрлэх болон амтлах мэдрэмжид коронавирусийн халдвар хэрхэн нөлөөлж байгаа талаар системт судалгаа явуулжээ.

Тэд үнэрлэх мэдрэмжид халдвар хэр нөлөөлж байгаа тухай судалгааны 10 ажил хийсэн бөгөөд судалгаанд оролцогчдынх нь 53 хувь нь халдвар авсны улмаас үнэрлэх чадвараа түр алджээ.

Мөн амтлах мэдрэмжид халдвар нөлөөлж байгаа тухай 9 судалгааны ажилд оролцсон хүмүүсийн 44 хувь нь амтлах мэдрэмжээ түр хугацаагаар алдсан аж.

Үнэрлэх болон амтлах мэдрэмжид өөрчлөлт орох нь COVID-19-ийн халдвар авсан хүнд анхлан илрэх клиникийн шинж тэмдгүүдийн нэг бөгөөд энэ судалгаа нь халдварыг эрт илрүүлэхэд тустай гэж үзэж байна.

Монгол Улсын эрдэмтэд оношлуур бүтээхээр ажиллаж байна.

7. Монгол Улсын эрдэмтдийн баг коронавирусийн оношлуур бүтээхээр ажиллаж байна. 

Тодруулбал, ХӨСҮТ, Мал эмнэлгийн хүрээлэн, ЗӨСҮТ, ХБНГУ-ын Мюнхений их сургуулийн эрдэмтдийн хамтарсан багийн оношлуур бүтээх ажил нь амжилттай явагдаж байна.

Таны сурталчилгаа