2020 оны 6 сарын 25-ны 17:30 цагийн орчим Тоёота Эстима маркийн автомашины жолооч Э согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт авто тээврийн ослын хэрэгт холбогдсон байна. Тухайн жолооч нь зам тээврийн ослын газраас санаатай оргон зугтааж замын хөдөлгөөнд оролцох үед нь Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Олимпийн гудамжинд Тээврийн цагдаагийн алба хаагчид зогсоон шалгасан. Жолоочийг зогсоон шалгах үед цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг үл биелүүлэн хүч хэрэглэх үйлдлийг гаргажээ. Тухайн жолоочийн согтуурлын зэргийг тогтоон шалгахад 2.88 хувийн согтолттой замын хөдөлгөөнд оролцож тээврийн хэрэгсэл жолоодож явсан нь тогтоогдсон байна.
Иргэд жолооч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ техник жолоодохгүй байх, санамсар болгоомжгүй байдлаас шалтгаалан зам тээврийн осол хэрэгт холбогдсон бол Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн жолоочийн үүргээ биелүүлж цагдаагийн байгууллагад мэдэгдэхийг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.