Өнөөдөр буюу зургаадугаар сарын 30-ны 12:00 цагт товлогдсон Анхдугаар чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлж, СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн сонгуулийн дүнг танилцуулснаар 76 гишүүн тангараг өргөсөн. Түр завсарласан Анхдугаар чуулган УИХ-ын даргыг сонгох асуудлыг хэлэлцэн санал хурааж УИХ-ын гишүүн Гомбожавын Занданшатарыг дахин УИХ-ын даргаар сонголоо.
Ийнхүү Г.Занданшатарыг УИХ-ын даргаар сонгох эсэх асуудлаар илээр санал хураалт явуулахад санал хураалтад оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар дэмжигдлээ.
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд "Сонгуулийн дүнгээр Улсын Их Хуралд 39 ба түүнээс дээш суудал авсан нам, эвсэл Улсын Их Хурлын даргын сонгуульд нэр дэвшүүлнэ" хэмээн заасан байдаг.