Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Дуурлиг багийн “Шинэсний гэзэг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 150 км-т, сумын төвөөс баруун зүгт 4 км-т/ Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн Дадал сумын чиглэлд гэр бүлийн хамт аялж явсан Улаанбаатар хотын Баянгол дүүргийн харьяат Н /6 настай, эмэгтэй/ 7 сарын 4-ний өдрийн 17:10 цагийн орчим тус сумын угтах хаалганы хөшөө баримлаас унаж, хэвлийн хэсэгт цус алдаж, нарийн гэдэс тасарсан тухай дуудлагыг 7 сарын 5-ны өдрийн 07:30 цагт хүлээн авчээ. Тус сумын Эрүүл мэндийн төвийн их эмч Ж.Батсүрэн 7 сарын 05-ны өдөр эмнэлгийн тусламж үзүүлэн мэс засал хийжээ. Ар гэрийн хүсэлтээр Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн МИ-171Е загварын нисдэг тэрэгний багийн 4 гишүүн, ГССҮТ-ийн 4 эмч, нийт 8 хүний бүрэлдэхүүнтэй нисдэг тэрэг 7 сарын 5-ны өдрийн 12:06 цагт Улаанбаатар-Хэнтий аймгийн Баян-Адарга сум-Улаанбаатар хотын чиглэлд хөөрч, Хэнтий аймгийн Баян-Адарга сумаас өвчтөнг авч мөн өдрийн 17:02 цагт Улаанбаатар хотод бууж, өвчтөнг ГССҮТ-ийн Сэхээн амьдруулах тасагт хэвтүүлсэн байна.
Иргэд хөдөө орон нутгаар аялаж зугаалахдаа бага насны хүүхэддээ тавих хараа хяналтаа сулруулалгүй анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна.