Цаг үеийн мэдээ

Энэ удаад сүүлийн үед олны анхааралд ороод буй ЭМДЕГ-ын орлого тасарч байгаа гэх асуудлаар тодруулга мэдээлэл авахаар  Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Санхүү төлбөрийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Болормаатай эрүүл ярилцлаа.

Иргэдийн дунд эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын талаарх мэдээлэл дутмаг байдаг. Танай байгууллагын үндсэн чиг үүрэг нь юу вэ?

Манай байгууллага нь Монгол хүн бүрийг эрүүл мэндийн даатгалд хамруулж, даатгалын тогтвортой санг бүрдүүлэн, даатгуулагчийн хэрэгцээнд нийцсэн эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээг худалдан авдаг үйлчлүүлэгч төвтэй, нийгмийн хариуцлага бүхий менежментийг хэрэгжүүлэхэд чиглэн ажилладаг.

Бид даатгуулагчийг дээдэлсэн, бүх нийтийг эрүүл мэндийн даатгалд бүрэн хамруулж, үйлчлүүлэгч төвтэй  үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэж нээлттэй байж мэргэшсэн өндөр чадвартай боловсон хүчнээр багаа бүрдүүлэн ажиллаж байна.

ЭМДЕГ нь Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 “Энэ хуулийн 19.1.1, 19.1.2, 19.1.8-д заасан шимтгэл, алданги цуглуулах, төвлөрүүлэх үйл ажиллагааг нийгмийн даатгалын байгууллага гүйцэтгэх бөгөөд үүнтэй холбогдсон харилцааг Нийгмийн даатгалын тухай хуулиар зохицуулна” заалтын дагуу Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар болон Нийгмийн даатгалын ерөнхий газрууд хамтран ажиллах гэрээ байгуулан Эрүүл мэндийн даатгалын сангийн орлогыг хуульд заасан эх үүсвэрээс бүрдүүлэн ажилладаг.

Даатгуулагчийн төрөл?

Монгол улсын иргэн бүр эрүүл мэндийн даатгалд хамрагдах ёстой. Үүнд албан журмын даатгуулагчид, аж ахуйн нэгжийн эзэд, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд, оюутан, суралцагчид, малчид, сайн дурын даатгуулагчид ордог. Үүнээс гадна  төр даатгалыг нь хариуцах иргэд гэж байдаг бөгөөд эдгээр иргэдийн тоо жилээс жилд өсөн нэмэгдсээр байгаа.

Сүүлийн хоногуудад ЭМДСангийн орлого тасрах нь гэх мэдээлэл байна. Энэ тал дээр албаны тайлбар өгнө үү?

-Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого нь дээр дурдсан ЭМД-ын тухай хуулийн 19.1.1, 19.1.2, 19.1.8-д заасан шимтгэлийг НДЕГазарт төвлөрүүлэн, шилжүүлсэн орлого, Төр даатгалыг нь хариуцах иргэдэд улсын төсвөөс төлсөн шимтгэл, мөн бусад орлого буюу хүүгийн орлогоос бүрддэг.

2020 оны төсвийн тухай хуулиар Эрүүл мэндийн даатгалын сангийн орлогыг 506.5 тэрбум төгрөгөөр баталсан ба Нийгмийн даатгалын ерөнхий газар дээр төвлөрөх шимтгэлийн орлогын төлөвлөгөө энэ оны есдүгээр сарын байдлаар  364.4 тэрбум төгрөг байна.

Харин 2020 оны  9 дүгээр сарын байдлаар 274.1 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс, 215.7 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн орлого төвлөрүүлж, орлогын гүйцэтгэл 58.4 тэрбум төгрөгөөр тасарсан буюу  78.7 хувийн биелэлттэй байна.

Орлогын гүйцэтгэл тасалдсантай холбоотойгоор Нийгмийн даатгалын ерөнхий газарт эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн орлогын төлөвлөгөө биелүүлэх тухай албан бичгийг илгээсэн байгаа.

Тасарсан орлогын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

НДЕГ-тай байгуулсан 2020/31/НД-48 дугаартай хамтран ажиллах гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.6 “Төв, орон нутгийн даатгалын байгууллагууд эрүүл мэндийн даатгалын харилцах дансанд төвлөрсөн шимтгэл, алданги, хүүгийн орлогыг НДЕГ-ын эрүүл мэндийн даатгалын харилцах дансанд долоо хоног бүрийн Баасан гарагт мөнгөн хөрөнгийн үлдэгдлийг сардаа төвлөрүүлнэ” гэсэн заалтыг үндэслэн орлого тасарсан 11 аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс болон Нийгмийн даатгалын ерөнхий газарт “Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн орлого төвлөрүүлэхэд анхаарч ажиллах тухай“ албан бичгүүдийг удаа дараа хүргүүлсэн. Орлого тасрахад онцгой нөлөөлсөн 11 аймагт Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Дорнод, Дундговь, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Ховд, Дархан-Уул, Говьсүмбэр аймгууд орж байна. Иймээс дээрх аймгуудын хариуцсан албан тушаалтнууд илүү сайн ажиллах байх гэж найдаж байна.

Орлогын гүйцэтгэлийг хангуулах хүрээнд  өөр ямар ажлуудыг хийж байна вэ?

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн орлого төвлөрүүлэх хамтарсан ажлын хэсэг байгуулах тухай” А/107 тоот тушаал батлагдсан. Уг ажлын хэсэг нь Эрүүл мэндийн даатгалын сангийн төлөвлөгөө тасарсан шалтгаан, Эрүүл мэндийн даатгалд иргэдийг бүрэн хамруулах, Иргэд даатгуулагчийг Эрүүл мэндийн даатгалаа төлөхийг уриалах, Эрүүл мэндийн даатгал, Нийгмийн даатгалын шимтгэлийн өр авлагатай иргэн, аж ахуй нэгж, байгууллагын өр авлагыг барагдуулахад хамтран арга хэмжээ авахаар төлөвлөгөө боловсруулан,  ажиллаж байна. Удахгүй үр дүн харагдах байх гэсэн хүлээлттэй байна.

 Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ тогтмол төлснөөр ямар үйлчилгээг авах эрх нь үүсдэг вэ?

Иргэд эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ тогтмол төлснөөр эрүүл мэндийн болзошгүй, гэнэтийн эрсдэл тохиолдох үед эрүүл мэндийн даатгалаар үйлчилдэг яаралтай болон бусад эрүүл мэндийн тусламж үйлчилгээг гэрээт эрүүл мэндийн байгууллагаас шаардлагатай үедээ авах боломжтой. Үүнд Одоо мөрдөж байгаа хуулиар хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ, амбулаторийн үзлэг, хяналт, оношилгоо, шинжилгээ, эмчилгээ, өдрийн эмчилгээ, үйлчилгээ, хорт хавдрын болон бусад өвчний хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ, хорт хавдрын химийн болон туяаны өдрийн эмчилгээ, уламжлалт, сэргээн засах болон сувиллын тусламж, үйлчилгээ, өндөр өртөгтэй зарим тусламж, үйлчилгээ, шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, эмчийн бичсэн жороор олгох эмийн үнийн хөнгөлөлт, зарим төрлийн хиймэл цорго, сэргээн засах зориулалтаар хийгдэх протез, ортопедийн хэрэгсэл, жирэмсний 37 долоо хоногоос өмнөх ба төрсний дараах үеийн хавсарсан эмгэгийн эмчилгээ, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамрагдах зэрэг тусламж үйлчилгээг авах эрхтэй.

Ер нь эрүүл мэндийн байгууллагуудаар үйлчлүүлсэн иргэдэд төлбөрийн яг энэ хэсэг нь төдий хэмжээний мөнгөн дүн даатгалаар хөнгөлөгдөж байгаа мэдээллийг эрүүл мэндийн байгууллагууд тухай бүр нь өгдөггүй болохоор даатгуулачид анзаардаггүй юм шиг санагддаг. Тэгэхээр EDAATGAL аппликэйшныг хүн бүр гар утсандаа суулгаад даатгалаас авч байгаа хөнгөлөлт болон эрүүл мэндийн үйлчилгээг мэдэх боломжтой байгаа.

Баярлалаа.

Таны сурталчилгаа