Цаг үеийн мэдээ

ГССҮТөв санаачлан хэрэгжүүлж буй ДЭМБ-ын техникийн дэмжлэгтэй "Хүүхдийн эсрэг хүчирхийллийг сургуулийн орчинд эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэлт, хариу арга хэмжээ" сэдэвт сургалтын нээлт өнөөдөр /2020.10.30/ боллоо.

Нээлтийн үйл ажиллагаа ДЭМБ-ын Монгол дах суурин төлөөлөгч Сергей Диордица, ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Т.Энхзаяа, ГССҮТөвийн Нийгмийн эрүүл мэндийн албаны дарга Д.Одгэрэл нар оролцов.

ГССҮТ-ээс санаачлан хэрэгжүүлж буй энэ сургалтыг нийслэлийн СХД-ийн төрийн өмчит 24 сургуулийн 1825 багш, эмч, нийгмийн ажилтан, БЗД-ийн 31 сургуулийн 3452 багш, эмч, нийгмийн ажилтан нийт 55 сургуулийн 5277 багш, эмч, нийгмийн ажилтан дунд зохион байгуулна.

Нэг сарын хугацаанд үргэлжлэх эл сургалтаар багш, ажилчдад хүүхдийн эсрэг хүчирхийллийг эрт илрүүлж, цаг алдалгүй мэдээлж, урьдчилан сэргйилэхэд үр дүнтэй хамтран ажиллах зөвлөгөө, зөвлөмж өгч, дадал хэвшилд сургах үйл ажиллагааг явуулах юм.

ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др.Сергей Диордица: Монгол Улсын хэмжээнд хүүхдийн эсрэг хүчирхийлэл нийгмийн эрүүл мэндийн томоохон тулгамдсан асуудлуудын нэг болоод байгааг мэднэ. Тухайлбал 2019 онд хүүхдийн эсрэг гэмт хэргийн улмаас 111 хүүхэд амь насаа алдсан гэх харамсалтай статистик мэдээ байдаг.

Хүүхэд бага насандаа хүчирхийлэлд өртөнө гэдэг насанд хүрсэн хойноо сэтгэцийн эрүүл мэнд, элдэв хорт зуршилд өртөмтгий болох зэрэг маш их хор нөлөөтэй учраас хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох нь нэн чухал асуудал юм. Энэ сургалт бол боловсролын тэр дундаа хүүхдүүдтэй ойр ажилладаг эмч, багш, нийгмийн ажилтнуудыг хамруулж байгаагаараа онцлог.

Монгол Улс бол Хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох Дэлхийн түншлэлд нэгдэж, хүүхдийн эсрэг хүчирхийллийг устгахаар идэвхийлэн ажиллаж байгаа дэлхийн 26 улсын нэг юм. Тиймээс төр засгийн бодлогын түвшинд, салбар дундын түвшинд тэнцвэртэй томоохон арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлдэг. ДЭМБ-ын зүгээс ч дэмжин ажилладаг.  Өнөөдрийн сургалтаар боловсролын байгууллага тэр дундаа  хүүхдүүдтэй тулж ажилладаг эмч, багш, нийгмийн ажилтнуудыг хамруулснаараа онцлогтой. ДЭМБ бусад олон улсын байгууллагуудтай хамтран гаргасан Хүүхдийн эсрэг хүчирхийлэлд хариу үйлдэл үзүүлэх, урьдчилан сэргийлэхэд зориулсан нотолгоонд тулгуурласан 7 стратеги буюу INSPIRE багц хэрэгжүүлж байна. Энэ багц бол ганцхан боловсрол, эрүүл мэнд биш бүх салбарын хамтын ажиллагааны хүрээнд хүүхдийн эсрэг хүчирхийллийг үр дүнтэйгээр таслан зогсооход чиглэгдэнэ.

ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Т.Энхзаяа: Хүүхэд хүчирхийлэлд өртөх, гэмтэх асуудал бол дан ганц эрүүл мэндийн салбарын асуудал биш бөгөөд бүх салбарын үүрэг хариуцлага маш чухал байдаг. Хүчирхийлэлд өртсөн хүүхэд гэмтээд эсхүл амь насаа алдсан хойно эрүүл мэндийн байгууллагад ирдэг. Тиймээс Хүүхдийн эсрэг хүчирхийллийг хүүхэд гэмтэж бэртэхээс нь өмнө эмч, багш, нийгмийн ажилтнууд   сургуулийн орчинд эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэлт, хариу арга хэмжээ авах нь чухал юм. 

Мөн Хүүхдийн эсрэг хүчирхийллээс эрт илрүүлэх, хариу арга хэмжээ авахад эмч, багш, нийгмийн ажилтны мэдлэг, хандлага, ур чадвар дээшлүүлэхэд туслах зорилготой юм. Тиймээс бид сургалтыг ГССҮТ-тэй хамтран зохион байгуулж байна. 

ГССҮТ-ийн Нийгэм, эрүүл мэндийн газрын дарга Д.Одгэрэл: Хүүхдийн эсрэг хүчирхийллийг цаг алдалгүй, эрт шатанд илрүүлэх нь хамгийн чухал байна. Өнөөдрийн байдлаар он гарсаар ГССҮТ-ийн нэг цэгийн үйлчилгээгээр 856 хүүхэд үйлчлүүлсэн байна. Энэ бол зөвхөн бүртгэгдсэн тоо. Гэтэл хичнээн хүүхэд гэр бүлийн хүчирхийллээс аврал эрээд байж байгааг бид мэдэхгүй. Тиймээс бид бүхэн  хүүхдийн хүчирхийллийг илрүүлж, мэдээллэх нь маш чухал болж байна. Манай эмнэлэгт гэр бүлийн хүчирхийллээс болж хүнд болон хүндэвтэр гэмтэл авсан хүүхдүүд ирдэг. Тэрнээс хөнгөн зөөлөн эдийн  гэмтэл авсан эсхүл сэтгэл санааны хүчирхийлэлд өртсөн  хүүхэд ирэх нь ховор. Өөрөөр хэлбэл цоожтой хаалганы цаана нууцаар үйлдэгдэж байдаг учир боловсролын байгууллагын багш, эмч, нийгмийн ажилтан та бүхний мэдрэмж, ур чадвар маш чухал. Тиймээс бид хамтран эрт илрүүлгийн талаар сургалтыг багш, сургагч та бүхэндээ зориулан зохион байгуулж байна.

Гэр бүлийн хүчирхийллийг бусад хүн мэдээллэнэ гэж хүлээхгүйгээр та заавал мэдээллээрэй гэж уриалж байна.

 

Таны сурталчилгаа