Цаг үеийн мэдээ

Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлын үр нөлөөг бууруулах, үндэсний хариу арга хэмжээ, бэлэн байдлыг бэхжүүлэхэд Европын холбооноос Монгол Улсад дэмжлэг үзүүлнэ. Өнөөдөр Европын холбоо Эрүүл мэндийн яам, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагатай хамтран “COVID-19 цар тахлын эсрэг Монгол Улсын хариу арга хэмжээ” хамтарсан төслийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаа боллоо.

Нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд Траян Христеа,  ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица болон бусад албаны хүмүүс оролцсон юм.

Төсөл гурван жилийн турш үргэлжлэх бөгөөд Монгол Улсын эрүүл мэндийн салбар болон салбар хоорондын үйл ажиллагааг бэхжүүлэхэд Европын холбооноос 1 сая еврогийн дэмжлэг, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын зүгээс 62,000 еврогийн дэмжлэг болон мэргэжил аргазүйн дэмжлэг туслалцаа үзүүлэх юм.

Арга хэмжээг нээж Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Траян Христеа COVID-19 цар тахлын эсрэг Монгол Улсын хариу арга хэмжээг бэхжүүлэхэд Европын холбооны зүгээс Монгол Улсыг дэмжиж ажиллана гэдгийг онцолж,  COVID-19-ийн цар тахлын үр нөлөөг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам, эрүүл мэндийн байгууллагуудын тасралтгүй хүчин зүтгэлийг үнэлж байна. Энэхүү төсөл нь Европын холбооноос COVID-19-ийн хариу арга хэмжээний хүрээнд Монгол Улсад өгч байгаа 37.5 сая еврогийн нэг хэсэг юм. Өнөөдөр Эрүүл мэндийн сайд болон манай түнш Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын хамтаар эрүүл мэндийн салбарын чадавхыг тогтвортой нэмэгдүүлэх, эрүүл мэндийн аливаа болзошгүй ноцтой байдлын нөлөөг бууруулах үндэсний эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэхэд  хүчин чармайлт гаргаж ажиллахад бэлэн байна." хэмээлээ.ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица "Би энэхүү төслийг Эрүүл мэндийн  яам, Европын холбоо, ДЭМБ-ын хамтарсан санаачилга гэж нэрлэх нь илүү  тохиромжтой  гэж үзэж байна. Төслийн хувьд эхлэх, дуусах өдөртэй боловч Монгол Улсын эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэхэд бодитой хөрөнгө оруулж, урт хугацааны үр дүн авчирна гэж итгэж байна. Үндэсний чадавхийг  бэхжүүлснээр Ковид-19 цар тахалд бэлэн байдлыг хангаад зогсохгүй ирээдүйд гарч болзошгүй халдварын дэгдэлт, эрүүл мэндийн ноцтой байдлын үед бэлтгэл хангах болно. Төслийн үр нөлөө нь төсөл дууссаны  дараа үргэлжилсээр байх болно" гэдгийг онцлон хэллээ.

Таны сурталчилгаа