СЭМҮТ-ийн сэтгэл заслын багийн ахлагч, сэтгэл засалч эмч Э.Мөнх "Коронавируст халдвар (COVID-19)-ын үед сэтгэлзүйгээ хэрхэн хамгаалах вэ" талаар зөвлөгөө мэдээлэл өглөө.
Тэрбээр "Өнөөдрөөс эхлэн бүх нийтийн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотойгоор ард иргэдийн дунд айж, түгших, сандрах зэрэг үзэгдлүүд нэлээн ажиглагдаж байна. Мөн яаралтай тусламжийн дуудлагууд маш ихээр нэмэгдэж байна. СЭМҮТ-ийн 1800-2000 зөвлөгөө, мэдээлэл өгөх утсанд өчигдөр ердийн үеэс харьцуулахад дөрөв дахин их дуудлага ирсэн. Нийт дуудлагын 90 гаруй хувьд нь Коронавиурст халдвартай холбоотой мэдээлэл авахыг хүссэн байсан. Тухайлбал, өвдсөн хүмүүстэй ойрын болон дам хавьталд орсон байж болзошгүй учир хаана хандах вэ, өвдсөн гэдгээ хэрхэн мэдэх вэ гэх мэтчилэн хандаж мэдээлэл зөвлөгөө авсан байна.
Ард иргэд тайван байдлыг эрхэмлэж, өөрийн сэтгэлзүйг тайван байлгахад дараах зөвлөгөө мэдээллийн маш сайн дагах цаашлаад дадал зуршил хэвшил болгох нь чухал байна. Ард иргэд тодорхой хэмжээнд хариуцлагатай байж, маскаа сайн зүүж байна. Гэхдээ зарим нэг хүмүүсийн хандлагаас болоод цахим орчинд ташаа , худал мэдээллүүд их гарч байна. Тиймээс ард иргэд дор бүрнээ хариуцлагатай байж, ЭМЯ, УОК-оос өгч байгаа заавар зөвлөмжүүдийг маш сайн дагах нь чухал.
"Халдвар авчих бий" гэж санаа зовох нь хүний сэтгэцийн эрүүл мэнд болон хувь хүний дархлааны тогтолцоонд сөрөг нөлөөтэй байдаг. Тиймээс айдас автахгүй байхын тулд үнэн зөв мэдээлэлтэй байх чухал учир сошиал орчинд олон эх сурвалжаас мэдээлэл авах бус үнэн зөв мэдээлэл авах нь чухал гэдгийг дахин дахин хэлмээр байна" гэв.