Эрүүл мэндийн яам өнөөдөр /2020.11.17/ 11.00 цагийн ээлжит мэдээллээ хүргэлээ. Энэ үеэр сэтгүүлчдийн сонирхсон асуултанд хариулсан юм.
Сэтгүүлч : Сэлэнгэ аймагт цагдаа, нийгмийн ажилтан зэрэг 22 хүнд түргэвчилсэн оношлуураар эерэг гарсан гэж үнэн үү? Бид түргэвчилсэн оношлуурт итгэх хэрэгтэй юу? үгүй юу ? Сэлэнгэ аймагт 74 настай эмэгтэй, 11 настай хүүхэд халдвартай гэхээр хоёр голомт байна уу? Хэнтий аймгийн шинжилгээний хариу хэзээ гарах вэ? гэсэн асуултанд
ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл "Хэнтий аймагт хийсэн 10 хүний шинжилгээ сөрөг гарсан. Сэлэнгэ аймагт нэг гэр бүлийн гурван хүн өвчилсөн нь бүгд ХӨСҮТ-д тусгаарласан. Дараа нь нэг хүн өвчилсөн. 19 хүний түргэвчилсэн тест эерэг гарсан ПСР шинжилгээ үргэлжилж байна. Батлагдсан тохиолдолтой холбоотой ойрын хавьтлуудыг тусгаарласан. Түргэвчилсэн тест өндөр үр дүнтэй. Бүх улс энэ аргыг ашиглаж байна. Нэмж илэрсэн гурван тохиолдлын хоёр нь тир машины жолооч, нэг нь жолоочийн ойрын хавьтал. Улаанбаатар хотод бүртгээд байгаа 10 тохиолдлын нийт ойрын хавьтал 444 хүнийг илрүүлээд байна. Анхны шинжилгээг 36 хүнээс бусдад нь хийсэн. 102 хүний шинжилгээг давтан хийсэн. 45 хүний шинжилгээг гурван удаа давтан хийсэн байна. Энэ арван хүний хоёр дахь хавьтал 5620 хүнийг тогтоож, 3327-д нь шинжилгээ хийсэн, сөрөг гарсан. Сэлэнгэ аймагт нэг л голомт гэж ойлгож болно. 11 настай хүүхэд 74 настай эмэгтэйгийн ойрын хавьтал" гэлээ.