Өнөөдөр 2020.12.03-ны өдрийн 18:00 цагт Дархан-Уул аймгийн Онцгой комисс хуралдлаа.
Ковид19-ийн халдвар илэрсэн 44 иргэн УБ хотноо ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Тэдгээр иргэдээс 6 хүний биеийн байдал хүндэвтэр, 38 хүний биеийн байдал дунд зэрэг байна.
Дархан-Уул аймагт 12 дугаар сарын 03-ны өдрийн 18:00 цагийн байдлаар Нэгдсэн эмнэлгийн лабораторид 239 хүнд PCR шинжилгээ, 484 хүнд түргэвчилсэн шинжилгээ хийжээ. Шинжилгээний хариу бүгд СӨРӨГ гарсан байна.
Ажиглан тусгаарлах 10 байранд 269 хүн байна. Тэдний 210 нь том хүн, 59 нь хүүхэд юм. Гэрийн тусгаарлалтад 2363 хүн байна.
Өнөөдөр Сэлэнгэ аймаг руу 8 автобус, 1 хувийн тээврийн хэрэгслээр нийт 329 иргэнийг явууллаа. Ингэснээр Дарханд хөдөлгөөний хязгаарлалтад ороод байсан 1219 иргэнийг нутагт нь буцаагаад байна.
Өнөө орой Сэлэнгийн Зүүн хараагаас 21 иргэн Дарханд ирнэ. Тэднийг түргэвчилсэн тестээр шинжилгээнд хамруулж гэрт нь хүргэнэ.
2020.12.04-нд дотуур байранд байгаа Сэлэнгэ аймгийн 230 орчим оюутныг дахин түргэвчилсэн оношлуураар шинжилгээнд хамруулаад нийтийн тээврийн хэрэгслээр буцаахаар боллоо.
Сэлэнгэ аймаг руу явахаар бүртгүүлсэн боловч хоцорсон, шинжилгээнд хамрагдаж чадаагүй үлдсэн тус аймгийн харьяат иргэдийг ЕБ-ын 16 дугаар сургуулийн байранд 2020.12.04-ний өдрийн 09:00-17:00 цагийн хугацаанд PCR шинжилгээнд хамруулна. Шинжилгэээний хариу гарсны дараа буюу 2020.12.05-нд тус иргэдийг Сэлэнгэ аймаг руу явуулахаар болов.
Энэ сарын 4, 5, 6, 7- ны өдрүүдэд Орхон, Булган, Хөвсгөл, Завхан, Өвөрхангай болон баруун 5 аймгаас хувийн тээврийн хэрэгслээр ирэх иргэдийг Дархан-Уул аймагт хүлээж авахаар болов. Ирэх иргэдэд зөвхөн Дархан-Уул аймгийн харьяат байх, түргэвчилсэн оношлуурт хамрагдсан байх шаардлагыг тавина. 12 дугаар сарын 07-ны өдрийн 22:00 цаг хүртэл хүлээж авна.
Дархан-Уул аймгаас УЛААНБААТАР явах иргэдийг www.Smartdarkhan.com цахим хуудсаар бүртгэж эхэлсэн. Орой 20:00 цагийн байдлаар 1071 хүн бүртгүүлсэн байна. Цахим бүртгэл 2020 оны 12 сарын 05-ны өдрийн 22:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Өнөөдөр өвлийн идэш бэлтгэх 144 иргэний хүсэлтийг бүртгэсэн байна. Дээрх хугацаанд нийт 1049 иргэн идшэнд явахаар зөвшөөрөл авчээ.