Цаг үеийн мэдээ

Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хүнсний үйлдвэр, хадгалалт, түгээлтийн байдалд НМХГ-аас хяналт шалгалт хийж байгаа бөгөөд арван нэгдүгээр сарын 15-наас  энэ сарын 24 хүртэлх хугацаанд давхардсан тоогоор 9 дүүргийн 171 хорооны 10496 объектыг хамруулаад байна.

Шалгалтаар нийт 5690 зөрчил илрүүлж 71.3 хувийг газар дээр нь арилгуулан, короновируст халдвар /COVID-19/-аас урьдчилан сэргийлэх, эрүүл ахуй, халдвар, хамгааллын дэглэмийг мөрдөх, хүнсний аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар мэдэгдэл хүргүүлж хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.

QR кодоор бүртгэх системийг энэ сарын 23-ны өдрөөс хяналт шалгалтын үйл ажиллагаанд нэвтрүүлж, короновируст халдвараас урьдчилан сэргийлэх, эрүүл ахуй халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэх 13 асуумжаар аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хянаж эхэллээ.

Шалгалтаар 288 иргэн, аж ахуйн нэгжийн хадгалалтын горим зөрчсөн, хадгалах хугацаа дууссан 655 нэр төрлийн 2367 ш, 54.8 кг хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг тухайн байгууллагын дотоод хяналтаар устгууллаа. Мөн QR код байршуулаагүй, үйлчлүүлэгчийн биеийн халуун үзэж бүртгэл хөтлөөгүй, хоорондын зай бариагүй, ажлын байрны цэвэрлэгээ хангалтгүй, ариутгал хийлгээгүй, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж ажиллаагүй зэрэг зөрчлүүд илэрчээ.

 

Таны сурталчилгаа