Цаг үеийн мэдээ

Украины парламент өнгөрсөн Баасан гарагт ОХУ-д бүтээсэн коронавирусийн эсрэг вакциныг хүн амынхаа дархлаажуулалтад ашиглахыг хориглосон хуулийг баталжээ.

Тус улсын засгийн газар ирэх сард COVAX хөтөлбөрийн хүрээнд Pfizer/BioNTech компаниудын бүтээсэн 100,000-200,000 тун вакциныг хүлээж авахаар төлөвлөсөн байна.

Одоогоор тус улсын эрх баригчид ганц ч вакцинд зөвшөөрөл олгоогүй байгаа ч харилцаа муутай хөрш Орос улсад бүтээсэн аль ч вакцинд зөвшөөрөл олгохгүйгээ удаа дараа мэдэгдэж байгаа.

“Улс төрийн нэг хүчин Оросын вакциныг зөвшөөрүүлэхийн төлөө элдэв аргаар тэмцэж байгаа. Би ганц л удаа хэлье. Та нар хэчнээн удаан тэмцсэн ч хэн ч Оросын вакцинд зөвшөөрөл олгохгүй” гэж Украины эрүүл мэндийн сайд Максим Степанов телевизээр ярихдаа хэлжээ.

Москвагийн талыг баримталдаг сөрөг хүчний улс төрч Виктор Медведчукийн дэмжлэгтэйгээр Украины Биолек эмийн үйлдвэр энэ сарын эхээр Оросын Спутник V вакциныг нутагтаа үйлдвэрлэх зөвшөөрлийг засгийн газраасаа хүссэн юм.

2014 онд Крымийн хойгийг ОХУ өөртөө нэгтгэж, зүүн Украины Донбасст салан тусгаарлах дайн эхэлснээс хойш Киев, Москвагийн харилцаа эрс муудаж байгаа аж.

Таны сурталчилгаа