Цаг үеийн мэдээ

Дэлхийн банкны санхүүжилтээр “Монгол Улсын Ковид-19–өөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” төсөл 2020 оны 4 дүгээр сараас хэрэгжиж байна. Төслийн хүрээнд Ковид-19 вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, олон нийтийн оролцоог хангах, хүний нөөцийн хөгжүүлэх, эмнэлгийн болон лабораторийн тоног төхөөрөмж, урвалж, хувийн хамгаалах хэрэгслээр хангахад үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Уг арга хэмжээнд Эрүүл мэндийн дэд сайд М.Баттүвшин, Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга П.Эрхэмбаяр, Эрүүл мэндийн яамны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа болон Дэлхийн Банкны Монгол Улс хариуцсан менежер бөгөөд суурин төлөөлөгч Андрей Михнев, Дэлхийн Банкны гадаад харилцааны мэргэжилтэн Б.Индра нар оролцлоо.

Төслийн санхүүжилтийн хүрээнд 21 аймаг, 9 дүүргийн эмнэлгүүдийг амьсгалын аппарат, сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тоног төхөөрөмжөөр хангах, Хан-Уул дүүргийн Эх хүүхдийн эрүүл мэндийн эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг зэрэг байгууллагуудад цар тахлын үеийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад нэн шаардлагатай тоног төхөөрөмж ханган ажиллаж байна. Үүний үр дүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, оношлогоо эмчилгээ, өвчтөний асаргаа, лабораторийн хүчин чадал бэхжих боломж бүрдлээ. Үүний зэрэгцээ нэмэлт санхүүжилт болох 50.7 сая ам.долларыг төслийг Дэлхийн банкны захирлуудын зөвлөл 2021 оны 2-р сарын 11-ны өдөр баталсан. Тус санхүүжилт нь цар тахлын эсрэг вакциныг харьцангуй хямд өртгөөр, тэгш хүртээмжтэй нийлүүлэх, вакцины хүйтэн хэлхээг бэхжүүлэх, боловсон хүчний чадавх бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм.

Хувийн хамгаалах хэрэгслийн багцад:

·         Нэг удаагийн бээлий- 4.103.000 ширхэг

·         Нэг удаагийн маск-218 000 ширхэг

·         Комбинзон  -36,000 ширхэг

·         N95 маск -28500 ширхэг

·         Нүдний шил - 6000 ширхэг

·         Нүүрний хамгаалалт -6000 ширхэг тус тус багтаж байна.

Дэлхийн банкны Цар тахлын онцгой байдлын сангаас 1 сая ам.долларын буцалтгүй тусламжийг эрүүл мэндийн тэргүүн эгнээнд цар тахалтай нүүр тулж буй эмч, эмнэлгийн ажилчдыг эрсдэлээс хамгаалахад зориулан хувийн хамгаалах хэрэгслийн багцийг өнөөдөр ийнхүү гардуулан өглөө.

Таны сурталчилгаа