Цаг үеийн мэдээ

Сонгинохайрхан дүүргийн 19-р хороонд 250 ортой, олон улсын жишиг стандартад нийцсэн, нэгдсэн эмнэлэг ашиглалтанд орлоо.  

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын 30 жилийн тасралтгүй хамтын ажиллагааны хүрээнд эрүүл мэндийн салбарт сүүлийн 28 жилийн хугацаанд нийтдээ 37,0 сая ам.долларын буцалтгүй тусламж, 10 сая 600 мянган ам.долларын техникийн туслалцаа, 244,5 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл, нийт 292 сая 150 мянган ам.долларын санхүүгийн дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан байдаг. Үүний нэг болох 60,5 сая ам.долларын төсөвт өртөгтэй СХД-ийн жишиг нэгдсэн эмнэлэг үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. 

Монгол Улсын эрүүл мэндийн салбар 250 ортой, СХД-ийн иргэдэд 7-8 төрлийн төрөлжсөн тусламж үзүүлэх хүчин чадал бүхий эмнэлгээр хүчээ сэлбэлээ. Энэ эмнэлэг жилд дунджаар 47,000 гаруй үйлчлүүлэгчдэд амбулторийн, 10,000 гаруй үйлчлүүлэгчдэд хэвтүүлэн эмчлүүлэх үйлчилгээг үзүүлэхээр төлөвлөжээ. Аюулт цар тахалтай энэ цаг үед шинэ эмнэлэг ашиглалтанд орсоноор ковид 19-ийн халдвартай өвчтөнүүдийг тусгаарлан эмчлэхэд ч мөн чухал ач холбогдолтой хэмээн салбарын удирдлагууд онцоллоо.

Төслийн нийт төсөвт өртөг 60.5 сая ам.доллар. Үүний 55 сая ам.долларыг Азийн хөгжлийн банкны зээл болон буцалтгүй тусламжийн хөрөнгөөр үлдсэн 5.5 сая ам.долларыг бол Монгол Улсын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн иргэд гурав дахь шатлалын эмнэлгийн тусламж үйлчилгээг авахын тулд улсын томоохон эмнэлгийг зорих шаардлагагүй боллоо. Жишиг эмнэлэг нээгдсэнээр дүүргийн иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй авах боломж ийнхүү бүрдэж байна. 

 

Таны сурталчилгаа