Цаг үеийн мэдээ

Манай улсын эрүүл мэндийн салбарын хууль, эрх зүйн орчин, иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээний талаар төр, засгаас анхаарч, олон чухал хууль, тогтоомжийг батлан хэрэгжүүлж байгаа. Тэр дундаа эрүүл мэндийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгоход дорвитой алхам хийж ЭМДҮЗ-ийн 03 дугаар тогтоолыг батлан хэрэгжүүлж эхэлсэн. Ингэснээр эрүүл мэндийн бүх төрлийн тусламж үйлчилгээг ЭМД-ын сангаас хариуцаж иргэдэд учирдаг санхүүгийн дарамтыг багасгах боломж бүрдээд байна. 

Иргэд-даатгуулагчдад чанартай тусламж үйлчилгээг хүргэх зорилгоор энэ оны 3-р сард Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас  хууль, тогтоомжийн дагуу 2527 хорт хавдрын тохиолдолд 1.5 тэрбум төгрөгийг олголоо. Хорт хавдрын тохиолдлын дийлэнх хувийг элэг, ходоод, амьсгал, цээжний хөндийн эрхтний  хавдар эзэлж байгаа бөгөөд хүүхдүүдийн хувьд яс ба үений мөгөөрсний хавдар, хэвлийн гялтангийн ба хэвлийн арын зайн хавдруудын тохиолдол нэлээдгүй байна. Үүнээс 27 хүүхдийн хорт хавдрын эмчилгээ үйлчилгээнд 10.3 сая төгрөг зарцуулаад байна. 

Түүнчлэн 3-р сарын байдлаар нийт 18221 зорилтот бүлгийн иргэдэд 6,6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлээд байна. Ингэснээр хүн амын зорилтод бүлэг болох ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд,  хүүхэд, нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэдэд санхүүгийн бодит дарамт учруулахгүйгээр эрүүл мэндийн шаардлагатай тусламж, үйлчилгээнд хамрагдах боломжийг бүрдүүлж байна.

Таны сурталчилгаа