ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсээс Хүнсний зар сурталчилгаатай холбоотой үйл ажиллагааг удирдан чиглүүлэхтэй холбоотой 2019 оны 10 дугаар сард “Номхон далайн баруун бүсэд “Хүүхдийг хүнсний зар сурталчилгааны хорт нөлөөллөөс хамгаалах бүсийн үйл ажиллагааны хүрээ” бодлогын барим бичгийг баталсан билээ. Уг баримт бичгийг танилцуулах уулзалт, хэлэлцүүлгийг ЭМЯ, ДЭМБ, НЭМҮТ-өөс хамтран 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулж, БШУЯ, ХХААХҮЯ, МХЕГ, ШӨХТГ, ХХЗХ зэрэг байгууллага, 21 аймгийн эрүүл мэндийн газрын хоол тэжээл хариуцсан мэргэжилтнийг цахимаар хамруулан зохион байгууллаа.
Энэхүү хурлаар ДЭМБ-ын Номхон далайн баруун бүс болон Монгол Улсад хоол хүнсний чиглэлээр баримталж буй бодлого, АШУҮИС-иас Чихэрлэг ундааны татварын бодлого, үр нөлөөнд хийсэн судалгаа, Шудрага өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газраас Зар сурталчилгааны тухай хуульд орж буй нэмэлт өөрчлөлт, НЭМҮТ-ийн хоол судлалын албанаас Хүүхдийн илүүдэл жин таргалалтын өнөөгийн байдал, эрсдэлт хүчин зүйл, Харилцаа холбооны зохицуулах хорооноос Радио, телевизийн өргөн нэвтрүүлэгт хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах эрхзүй, зохицуулалтын орчин зэрэг сэдвээр салбар хоорондын байгууллагын төлөөллүүд сүүлийн үеийн судалгаа, шинжилгээний талаар илтгэл танилцууллаа.
Хүүхдийн дунд түгээмэл тохиолдож байгаа хоол тэжээлээс хамааралт эмгэгийн тархалтыг нэмэгдүүлэхгүй байх, түүнээс үүдэлтэй халдварт бус өвчнөөс сэргийлэх зорилгоор “Хүүхдэд чиглэсэн хүнсний зар сурталчилгааг зохицуулах эрхзүйн орчинг сайжруулах түүнчлэн салбар хоорондын байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг боловсруулж цаашид хамтран ажиллахаар боллоо.