Цаг үеийн мэдээ

Дархан-Уул аймагт сүүлийн 24 цагт Ковид 19 халдварын шалтгаант нас баралт нэг бүртгэгдсэн тухай аймгийн Мэдээлэл технологийн албаны дарга Х. Соёл-Эрдэнэ танилцууллаа. 

Шарын гол суманд эмчлүүлж байсан 75 настай, эрэгтэй эмчилгээний 3 дахь хоногтоо буюу өчигдөр үдээс хойш 15:00 цагт ковид 19 халдварын хүндрэлээр нас барсан байна. 

Аймгийн хэмжээнд Эмчлэн тусгаарлах 11 байранд 500 хүн эмчлүүлж байна. Хүүхэд 95, насанд хүрэгч 405 байна. Эмчлүүлэгсдийн биеийн байдлын хувьд: 

 ▪️ Хөнгөн – 454

 ▪️ Хүндэвтэр – 32

 ▪️ Хүнд – 4

 ▪️ Маш хүнд -2 иргэн байна. Жирэмсэн 8 эмэгтэй байна.

Нэгдсэн эмнэлгийн 7 эмнэлэгт 314, Саран-Элит эмнэлэгт 90, Буянтай эмнэлэгт 41, Шарын гол суманд 32, Хонгор суманд 23 хүн тус тус эмчлүүлж байна. 

Өвчний хөнгөн хэлбэрийн оноштой 239 хүн гэрээр өрхийн эмчийн хяналтад байна. Үүнээс 60 нь хүүхэд байна. Өнөөдрийн байдлаар 601 хүн гэрээр эмчлэгдэж эдгэрчээ. 

Дарханд ажиглан тусгаарлах байраар 27 ортой SB буудал, 21 ортой Жаспир буудлыг тус тус ашиглаж байна. Тус байруудад нийт 63 хүн байна. Үүнээс хүүхэд 27, насанд хүрэгч 36 байна. 

 Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын 618 иргэн гэрийн тусгаарлан ажиглалтад байна. 

Шалган нэвтрүүлэх 4 дүгээр бригад, 140, 141 дүгээр постуудаар энэ сарын 22-ны өдөр Дархан-Уул аймагт нийт 557 машин, 1256 иргэн ирж, Дарханаас 1379 машин, 2272 иргэн явсан байна. 1237 машин, 2010 иргэн аймгийн нутгаар дамжин өнгөрсөн. 

Постоор ирсэн иргэдээс 561 иргэнийг түргэвчилсэн оношлуурын шинжилгээнд хамруулахад 2 хүнээс сул эерэг хариу гарсан. Харьяаллын дагуу Орхон аймаг руу болон Сэлэнгэ аймгийн Орхон туул сум руу нь буцаасан. 

Энэ сарын 20-ны өдөр ХААИС-ийн байран дахь шинжилгээний цэгт 237 хүн очиж түргэвчилсэн оношлуурын шинжилгээнд хамрагдсанаас 38 сул эерэг хариу гарсан. Дээрх сайн дурын түргэвчилсэн шинжилгээний цэг 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл өдөр бүр 10:00-16:00 цагийн хооронд ажиллана. 

Энэ сарын 20-ны өдөр түр тусгаарлах байранд 84 хүн ирсэн. 58 хүнээс нь эерэг хариу баталгаажсан байна. 24 хүнийг хувийн шалтгааны улмаас гэрт нь гаргасан. 

Түр тусгаарлах байрны ачаалал өндөр байгаа тул эрүүл мэндийн байгууллагаас хүч нэмэгдүүлэн ажиллуулах шийдвэр гаргажээ. 

Дархан-Уул аймагт 12-оос дээш насны хүүхдүүд болон хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг файзер вакцины нэгдүгээр тунд хамруулах ажил хэвийн үргэлжилж байна. 

Энэ сарын 22-ны өдөр ковид-19-ийн эсрэг вакцинд нийт 1013 хүн хамрагдсан байна. Тухайлбал: Файзер вакцины 1 дүгээр тунд 183 хүн, 2 дугаар тунд 801 хүн, Вероцелл вакцины 1 дүгээр тунд 5 хүн, 2 дугаар тунд 14 хүн, Спутник вакцины 2 дугаар тунд 10 хүн тус тус хамрагджээ.

 ЕБС-ийн байруудад ажиллаж буй дархлаажуулалтын цэгүүд өнөөдөр тус байрандаа ажиллана. Хагас, бүтэн сайнд багуудын Иргэдийн нийтийн анхдугаар хуралдаан болохтой холбогдуулан ажиллахгүй юм байна. Харин хагас сайн өдөр харьяа өрхийн эмнэлгүүддээ вакцинжуулах ажлыг үргэлжлүүлэн хийнэ. 

Вакцины бүрэн тунд хамрагдсан ч гараа угаах, амны хаалт зүүх, зай барих, гэрт цэвэрлэгээ хийх, хүн их цугласан газар явахгүй зэрэг энгийн арга хэмжээ нь халдварын тархалтыг бууруулах, урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой.

Иймд иргэн таны давтан тун хийлгэх хугацаа болсон бол харьяа өрхийн эрүүл мэндийн төвийн байрлаж буй дархлаажуулалтын цэгт очиж, вакциндаа идэвхтэй хамрагдахыг аймгийн Онцгой комиссоос уриаллаа. 

Таны сурталчилгаа