Цаг үеийн мэдээ

Дархан-Уул аймгийн Онцгой комиссын 105 дугаар хуралдаан өнөөдөр /2021.07.28/ 10:00 цагт цахимаар зохион байгуулагдлаа. Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалаа. 

Ковид-19 цар тахлын халдварын  эсрэг хариу арга хэмжээний хүрээнд массыг хамруулсан тандалт шинжилгээг үргэлжлүүлэн зохион байгуулахаар боллоо. Энэ хүрээнд томоохон зах, худалдааны төвүүд, түлш, эрчим хүч, банк санхүү зэрэг бүх чиглэлийн үйлчилгээний байгууллагуудын нийт  ажилтан албан хаагчдыг 21 хоногт нэг удаа  түргэвчилсэн оношлуурын шинжилгээнд хамруулахаар боллоо.   

Аймгийн МХГ, ЭМГ, БСУГ хамтран Буян зах болон Дархан захын худалдаа эрхлэгчдийг хаана, хэрхэн шинжилгээнд хамрагдах зохион байгуулалтыг хийнэ. 

Харин Дархан-Номин, Оргил, Олон Улсын худалдааны төв, Дархан Их дэлгүүр гэсэн 4 худалдааны төвийн түрээслэгчдийг ХААИС-ийн шинжилгээний түр цэгт төлбөртэй шинжилгээнд хамруулна. 

Мөн Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу ААНБ-д 7 хоног тутам нийт ажилтан албан хаагчдынхаа 10 хувийг түргэвчилсэн оношлуурын шинжилгээнд хамруулах ажлыг тогтмолжуулна. 

Халдвар авсан хүмүүсийн дунд Сэтгэцийн өвчтэй хүмүүс байна. Эдгээр хүмүүс өвчнийхөө болон бие, сэтгэл санааны байдлаасаа шалтгаалан  өөртөө болон бусдад сөргөөр нөлөөлөхүйц /аюултай/ үйлдэл гаргах магадлал маш өндөр байдаг байна. Тиймээс Эрүүл мэндийн байгууллагын саналыг үндэслэн сэтгэцийн өвчтэй хүмүүс болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, бага насны хүүхдүүдийг асран хамгаалагчтай нь Эмчлэн тусгаарлах байранд хүлээн авахаар шийдвэрлэлээ.

Таны сурталчилгаа