МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр (VIII.23) Olympic house-д боллоо. Хуралд гишүүд танхимаар болон цахимаар оролцов.
Хурлын эхэнд МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган МҮОХ-ны 2021 оны үйл ажиллагааны мэдээлэл хийсэн бол тэргүүн дэд ерөнхийлөгч, “Токио-2020” олимпийн Монголын багийн ахлагч Б.Баттүшиг Токиогийн олимпийн наадамд оролцсон Монголын багийн дүн, тайланг танилцуулав.
Мөн “Алтан од” одонгоор зарим хүнийг шагнах талаар хэлэлцэж шийдвэрлэснээс гадна ирэх пүрэв гарагт (VIII.26) болох МҮОХ-ны бүх гишүүдийн хурлаар хэлэлцэх асуудлыг баталлаа. Харин МҮОХ-ны гишүүнчлэлийн асуудлыг гишүүдийн хуралд оруулан шийдвэрлүүлэхээр болов.
Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар МҮОХ-ны дүрмийн өөрчлөлтийг хэлэлцэхээр төлөвлөж байсан. Гэвч нэмэлт, өөрчлөлт оруулсан дүрмийн төслийг хүлээн зөвшөөрөх талаар албан ёсны хариу ОУОХ-ноос ирээгүй тул гишүүдийн хуралд оруулахгүй байхаар шийдвэрлэлээ.