Монголын хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг Азийн АШТ-ий урьдчилсан шатны "E" хэсгийн тоглолтуудаа хийхэд ганцхан хоногийн хугацаа үлдээд байна.
Өнөөдөр болсон хэвлэлийн бага хурал дээр Монголын шигшээ багийн ахлах дасгалжуулагч С.Эрдэнэбат: "Манай багийн хувьд энэ тэмцээнд орж байгаа нь нэр төрийн хэрэг. Азийн өндөр чансаатай багуудтай нэг хэсэгт орсон тул маш их зүйлийг энэ тэмцээнээс сурна гэдэгт итгэлтэй байна." хэмээн ярилаа.
Харин Дэлхийн чансааны 18-р байрт бичигддэг БНСУ-ын шигшээ багийн дасгалжуулагч, Англи мэргэжилтин Колин Белл: Ковид-19-ийн тусгаарлалтаас болоод гадаад улсуудад бэлтгэл хийж чадаагүй. Багийн нэг гол тоглогч маань оролцох боломжгүй болж, Англи улсаас ирсэн гурван тоглогч маань хожуу бэлтгэлдээ нэгдсэн" хэмээн багийнхаа бүрэлдэхүүний талаар мэдээлэл хүргэв.
Талбайн эзэн Узбекистаны шигшээ багийн ахлах дасгалжуулагч Вадим Абрамов: "Хөл хорионы улмаас бэлтгэлээ хүссэн хэмжээнд базааж чадаагүй ч нөхөрсөг тоглолтуудыг хангалттай хийж хамгийн сайнаараа бэлдсэн. Бэртэлтэй тоглогч байхгүй нь бидний хувьд хамгийн сайн мэдээ байна. Цааш шалгарах нь талбайдаа тоглож байгаа бидэнд маш чухал учраас бүх хүчээрээ хичээх болно." гэлээ.
Манай улс эхний тоглолтоо 9-р сарын 17-ны 19:00 цагаас БНСУ-ын багтай хийнэ. Талбайн эзэн Узбекистантай 9-р сарын 20-нд 19:00 цагаас хүч үзнэ.