Дипломатч, Монгол Францын ардын зураач, Урлагийн Гавьяат Зүтгэлтэн, Урлаг судлалын ухааны магистр, хүндэт профессор Олхонууд овогт Бадамжавын Чогсом бурханы оронд заларчээ. Гэр бүл төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.
Эрхэм хүмүүний намтар:
Монгол Улсын Ардын зураач, Урлагийн Гавьяат Зүтгэлтэн, Франц улсын Ардын зураач, Урлаг судлалын ухааны магистр, хүндэт профессор Олхонууд овогт Бадамжавын Чогсом нь 1930 Говь-Алтай аймгийн Тайшир суманд төрсөн. 1942-1945 онд Зураг урлалын газрын дэргэдэх зургийн 3 жилийн оройн сургууль, 1946-1948 онд мөн газрын дэргэдэх зургийн 3 жилийн сургуулийг төгсжээ. 1949-1950 онд МУИС-д суралцаж, 1950-1957 онд Москвагийн Олон Улсын Харилцааны Дээд Сургуулийг төгссөн. 1961-1967 онд УБДС-ийн зураг хөдөлмөрийн ангид уран зургийн хичээл заасаар 1967 онд УБДС-ийн анхны уран зургийн ангийн диплом хамгаалан гарджээ.
Б.Чогсом 1948-1949 онд зургийн сургуульд багш, 1957-1959 онд Гадаад явдлын яаманд, 1959-1960 онд “Үнэн” сонины газар “Матар” сэтгүүлийн зураачаар, 1960-1961 онд Монголын уран бүтээлчдийн холбоонд гадаад харилцааны референтээр, 1961-1972 УБДС, ХБДС-ийн уран зургийн багшаар, 1972-1974 онд МУЭХ-нд зураач, урлаг судлаач, эрхлэгчээр, 1974-1981 онд МУИС-ийн архитектурын ангид уран зургийн багшаар, 1981-1984 онд МУЭХ-нд бие даасан уран бүтээлчээр тус тус ажиллажээ.
1984-2005 онд УБДС, СУИС, ПТИС, Монгени сургуулиудад уран зураг, хар зураг, урлагийн түүх, технологи, өнгө судлал, баримлын багшаар ажиллаж байсан Б.Чогсом эх орондоо болон Англи, Болгар, Польш, Чехословак, Турк, Югослав, Япон, Герман, Финлянд, Орос, Литва, Вьетнам, Солонгос, Хятад, Норвеги, Бельги, Франц улсуудад уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргасан.
1982 онд МУЭХ-ны тэргүүний ажилтан цол, 1986 онд МУЭХ-ны нэрэмжит шагнал, Алтан гадас одон, 1991 онд Сүхбаатарын одон, 2003 онд Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн, Бүгд Найрамдах Франц улсын “Франц ба Дэлхийн Урлаг Утга зохиолын Хүндэт Одон” буюу Францын Ардын зураач цол, 2005 онд Боловсролын “Хүндэт Профессор” цол, АНУ-ын хүн судлалын институтын 2005 оны “Шилдэг хүн”, Олон улсын TASMTC-ын “Ардын зураач багш” цол, алтан медаль, 2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль, АНУ-ын “The world medal of freedom” медаль, 2007 онд Монгол Улсын Ардын зураач цол, 2008 онд “Найрамдлын Алтан Од” одонгоор тус тус шагнагдсан байна.