Цаг үеийн мэдээ

Монгол улсын Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь заалтыг үндэслэн Монгол улсын тулгар төр  байгуулагдсаны 2230, Их Монгол улс байгуулагдсаны 815,  Ардын хувьсгалын 100 жилийн ой, Дархан хот байгуулагдсаны түүхт 60 жилийн ойг тохиолдуулан аймгийн цол, чимэг олгох Үндэсний бөхийн барилдаан 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр болсон.

Үндэсний бөхийн барилдаанд 128 хүчит бөх уран мэхийг уралдуулан барилдсан юм.

Бөхийн барилдаанд 5,6,7 давсан бөхчүүдэд аймгийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 01-А/333 дугаар захирамжаар цол олголоо.

Цолыг өнөөдөр /2021.12.01/  аймгийн Засаг дарга Б.Азжаргал албан ёсоор гардуулан өгсөн юм.

Үндэсний бөхийн барилдаанд 7 давсан Дархан-Уул аймгийн Дархан сумын харьяат Дархан хайрхан дэвжээний бөх Мөнхдурсгалын Төрбат АЙМГИЙН АРСЛАН цолоор шагнагдлаа.

Харин 6 давсан Дархан-Уул аймгийн Шарын гол сумын  харьяат Улаанбаатар төмөр замын харьяа Дархан татах хэсэг, Дархан хайрхан дэвжээний бөх Жигжидсүрэнгийн Бадрал АЙМГИЙН ЗААН цолоор шагнагдсан юм.

5 давсан Дархан-Уул аймгийн Дархан сумын харьяат Дархан хайрхан дэвжээний бөх Ламчогдонгийн Мөнхтулга, Завхан аймгийн Сантмаргац сумын харьяат Дархан хайрхан дэвжээний бөх Батбаатарын Загарзүсэм нар АЙМГИЙН НАЧИН цолоор тус тус шагнагдсан юм.

 

Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар

 

Таны сурталчилгаа