Цаг үеийн мэдээ

E-Mongolia системд одоогийн байдлаар 88 байгууллагын 1264 үйлчилгээ цахимжаад байна.

Гэтэл зарим үйлчилгээг иргэд огт мэдэхгүй, ашиглахгүй байх тохиолдол байна. 

Тиймээс цаашид энэ асуудал дээр түлхүү анхаарч тухайн үйлчилгээг үзүүлдэг төрийн байгууллагуудтай хамтын ажиллагааг бэхжүүлэх уулзалтыг шат дараатай зохион байгуулж байгаа юм. 

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам,түүний харьяа байгууллагуудын удирдах албан тушаалтнууд болон мэдээллийн технологи, хэвлэлийн мэргэжилтнүүдийн хамтарсан уулзалт зохион байгууллаа. 

Уулзалтаар үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, иргэдэд цаг алдалгүй мэдээллийг хүргэх, төрийн үйлчилгээг илүү сурталчлах зэрэг чухал асуудлуудыг хэлэлцлээ. 

Энэ үеэр цахим ур чадварын мэдлэг хомс байгаагаас төрийн үйлчилгээ авахад хүндрэлтэй байгаа зорилтод бүлэг, ялангуяа өндөр настан, тусгай хэрэгцээт иргэдэд зориулан зарим үйлчилгээг сайжруулах, цахимжуулах шаардлагатай гэдгийг онцолсон юм.

Өнөөдрийн байдлаар ГБХНХЯ-ны E-Mongolia системийн хамгийн эрэлттэй үйлчилгээ нь Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа юм. 

Энэ лавлагааг иргэд давхардсан тоогоор  15,521,578 удаа цахимаар авсан нь цахим үйлчилгээний хэрэгцээ, эрэлт өндөр байгааг илтгэж байна.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон түүний харьяа байгууллагуудтай хамтран ажиллах, иргэдийн хамгийн шаардлагатай үйлчилгээг E-Mongolia системд нэмж оруулах, үйлчилгээг илүү ойлгомжтой, хялбар болгох талаар тодорхой алхмуудыг хамтран хэрэгжүүлэхээр санал солилцлоо.

Таны сурталчилгаа