Говь-Алтайн Цогт сумын дарга Л.Насанбуян нарын авлигын хэргийн шүүх хурал 11 удаа хойшилж, 7 жилийн дараа сая нэг анхан шатны шийдвэр гарлаа. Долоон бор оготно шар тос биш долоон түшмэл оготно устгалын мөнгө идсэн хавтаст хэрэг хуучирч шарласны эцэст анхан шатны шүүх хурал болсон. Хоёрын хоёр сонгууль, гурван бүрэн эрхийн хугацаа өнгөртөл хойшилсон шүүх хурлаас Л.Насанбуянд тохойг нь өргөх шахам, толгойг нь илэх төдий буюу нийтийн албанд 3 жил ажиллахыг хориглохоор шийдвэрлэжээ. Оготно устгалын мөнгийг идсэн авлигын хэргийг шүүх гэсээр он жил урсаж байх хооронд Л.Насанбуян ялтны суудалд биш ямбатны сандалд тухалж, хоёр удаа нэр дэвшиж, өнөөдөр аймгийн ИТХ-ын даргаар заларч байна.
Анхан шатны шүүх хурлыг 7,8 жил хойшлуулж чадсан Л.Насанбуян давж заалдах дээд шатны хугацааг 2028 оны сонгууль бүү хэл 2040 он хүртэл 15 жил сунгах уу? 2040 онд шүүх эцэслэн шийдэж нийтийн албан ажиллах эрхийг 3 жилээр хаслаа гэхэд Л.Насанбуян 30 жил ажиллаад тэтгэвэртээ суучихсан байж таарах уу?
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ авлигын хэрэг шүүх дээр очоод замхардаг гэж удаа дараа хэлснийг батлах олон баримтын нэг нь оготно устгах мөнгийг оготно шиг идсэн энэ явдал болж байна. Аалзны шүлс шиг хэрсэн авлигын сүлжээг таслах нь бүү хэл анхан шатны шүүх нь хуралдах гэж бүр 11 удаа бүтэн 7 жилээр хойшлоод толгойг нь илж өнгөрөөд байвал үлийн цагаан оготно өнөөдрөөс илүү маргаашийг язганатал идэж, яйртал нь цөлбөнө. Авлигад аль нэг нам биш улсаараа хохирч, бүгдээрээ илүү боломж, ирээдүйгээ дээрэмдүүлсээр байна. Шүүхийн хаалга мөргөж бутардаг биш шүүхийн дэнсэн дээр гэм зэмтнийг гэсгээдэг шийтгэдэг болсон цагт хонгилын үзүүрт гэрэл асна.
Hm
2025-02-20
:-(