Цаг үеийн мэдээ

НЗДТГ, нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж болон Авлигатай тэмцэх газар хамтран нийслэл хотод хэрэгжүүлэх долоон мега төслийн ажилтнуудад дэд бүтцийн салбарт үүсэж болзошгүй авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдээлэл, арга зүйгээр хангах цуврал уулзалт зохион байгууллаа. Тодруулбал, 

"Улаанбаатарт их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл (метро)";

"Улаанбаатар трамвай";

"Туулын хурдны зам"; 

"Шинэ тойрог зам"; 

"Дүүжин замын тээвэр";

"Тусгай замын автобус";

"Эрчим хүчний багц төсөл"-ийн нийт 45 албан хаагчид авлигын гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх, авлигад өртөх боломжийг багасгах, төслийг хугацаанд нь үр ашигтай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах талаар заавар, зөвлөгөө өгсөн юм.

Уулзалтын талаар Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн Дэд бүтцийн салбар хариуцсан ахлах ажилтан Б.Тэрбиш “Дэд бүтцийн мега төслүүдийг хэрэгжүүлэхэд төслийн сонголтоос гадна нарийвчилсан бэлтгэл ажил чухал. Өөрөөр хэлбэл, хүний нөөц, бараа материалын судалгаа, нөөц бэлтгэл чухал ач холбогдолтой. Үүнтэй холбоотойгоор томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд мэдлэг боловсролтой, туршлагатай боловсон хүчин хэрэгтэй бөгөөд цалин хангамж өндөр байх шаардлага гардаг. Мөн барилгын бараа материалын эрэлт нь ихсэж нийлүүлэлт нь багассанаар үнэ өсөх эрсдэлтэй. Үүнээс үүдэн ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэрэг гарах магадлал ихэсдэг. Тухайлбал, хувийн хэвшлийн байгууллагууд төрд бараа материал нийлүүлэхдээ төрийн албан хаагчтай үгсэн хуйвалдах, хахуулийн гэмт хэрэг, албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглах гэмт хэргүүд бий болж болзошгүй. Иймд үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор төслийн багийнхан бэлтгэлтэй байж төлөвлөлтөө маш сайн хийх, хугацаандаа ажлаа гүйцэтгэх шаардлагатай” гэв.

Таны сурталчилгаа