Цаг үеийн мэдээ

Зурхайч Л.Тэрбиштэй ярилцлаа.

-Энэ жил шинийн нэгэнгүй гэсэн. Тэгэхээр хүмүүс шинийн хоёрондоо зүг, мөрөө гаргах уу. Шинийн хоёронд зүг мөр гаргах ёс өөрчлөгдөх зүйл бий юу?

-Дэлхийн дагуул сар хэмээх эрхэс нэлээд адармаатай хөдөлгөөнтэй. Бүдүүнээр томьёолбол бүр жигд хөдөлгөөнтэй биш. Билгийн тооллын шинэ жилийн эхний өдөр шинийн хоёрын сар харагдана гэсэн үг. Шинэ жилийн анхны өдөр л мөрөө гаргадаг нь нийтийн тогтсон ёс юм. 

-Сарны хэлбэр дүрсээр хүмүүс шинийн нэгэн, хоёрон гэж ялгадаг. Шинийн нэгэнгүй гэхээр битүүний дараа шууд шинийн хоёрны сар гарах уу? Түүнийг хэрхэн ялгах вэ?

-Сарны хэлбэр дүрсийг сайн мэддэг хүмүүст хоёрны өдрийн сар харагдана. Нар, сараа шинжиж сурсан хүмүүст асуудалгүй дээ. 

-Битүүлэх ёсыг хэрхэн үйлдэх ёстой вэ. Зурхайн ухаанд буусан ном журмаар нь тайлбарлаж өгөөч?

-Битүүлэх ёс журмыг билгийн тооллоор тайлбарладаггүй юм. Өөр өөрийн нутаг оронд өтгөсөөс  дамжин ирсэн зан үйлээ хийдэг ёстой. 

-Шинийн хоёронд золголт хийдэггүй гэж зарим хүмүүс ярьдаг. Шинийн нэгэнгүй тул золгох ёсоо хэрхэн үйлдэх вэ?

-“Сохор нохой дүйвээнээр, соотон халтар чимээнээр” гэдэг. Миний мэт өвгөдөд “мэдээгүй”-чүүдийн яриа сонин биш. Энэ ертөнцөд эртнээс тогтож ирсэн жам ёсон буй. Хоёрны өдөр өмнө дурдсанчлан хотлоор тогтсон зан үйлээ хийсээр ирсэн юм. Хийх ч болно. Хэв ёсноос гажигчид нөгөө “хүний эрхээрээ” дургицгаана биз дээ.  

-Үхэр хөтөлсөн хүүгээр монголчууд ирэх жилийнхээ өнгийг шинждэг. Могой жилийн өнгө хэрхэн буусан бол?

-“Энэ жилийн “Шороон үхэр” нь амаа хамхин сүүлээ баруун тийш шарвасан үхрийн толгой нь ногоон, ходоод нь улаан, бие нь улаан, эвэр, сүүл, чих нь хөх, омруу нь цагаан, дөрвөн шийр ногоон. Үхэрчин нь  ногоон дээлтэй, цагаан бүстэй, мяндсан шилбүүр барьсан, зүүн гутлаа өмсөж, баруун гутлаа зүүн талдаа хавчуулсан, үс нь хоёр чихний ар руу хийссэн шар царайтай залуу хүмүүн үхрийнхээ өмнө гүйж явна. “Шороон үхэр”-ийн шинжээр ард олон амгалан, адуу мал тэргүүтэнд ширүүвтэр, жилийн дундуур гандуу, хур ус татруухан, өвгөдөд ширүүвтэр, өргөн олноо ширүүн жил болно.  

-Үхэр хөтөлсөн хүүг зурхайн ухаанд хэрхэн зурдаг вэ. Сар шинэ тэмдэглэдэг улс орнуудад адилхан ирэх жилээ ингэж зурж шинждэг үү?

-Хүүг зурдаг юм биш. Хүй олны явдал мөрийг үхэрчнээр илэрхийлдэг юм. Тэр нь хөгшин, залуу, хүүхэд хэмээх гурван зүйлээр илэрхийлэгддэг юм аа. 

-Энэ жил өвлийн сар илүү гэх. Энэ нь ердийн үзэгдэл үү, ховор үзэгдэл үү. Тэдэн жилийн давтамжтай гэх мэт зүйл бий юу?

-“Гэх” гээд байх зүйлгүй. Гэгээн орчлонгийн жам ёсоор болдог юм. Товчоор хэлбэл тухайн үеийн байгаль цаг агаарын үзэгдлийг илэрхийлдэг юм аа. 

-XVII жарны “Буян үйлдэгч” усан бар жил, "Үзэсгэлэн болгогч" хэмээх туулай жил, “Хилэнт эх хэмээх модон луу жил, “Элдэв эрдэнэт” хэмээгч модон могой жил гэх мэтээр жилүүдийг нэрлэжээ. Эдгээр нэрийг хэрхэн оноодог юм бол. Зурхайн ухаанд энэ нь өөр өөрийн онцлогтой юу?

-Ямар ч зүйлд нууцлах, эрхэмлэх, чухалчлан чин дотно хүндээ илэрхийлэх зүйл байдаг юм. Чиний асуугаад байгаад ёгт нэр гэдэг юм. Цаанаа тодорхой утга учрыг илэрхийлнэ.

-XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээгч модон могой жилийн үр нийт монголчуудад ямар жил байх вэ?

-Эе эеэ хичээвэл ихээхэн өгөөжтэй жил айсуй. “Ноёд хэрэлдвэл ногоо ургадаггүй” гэдэг юм манай өтгөс. Түүнийг дээр дооргүй санавал болчихно доо.

С.ОТГОНБАЯР

Таны сурталчилгаа