Улаанбаатар хот, Орхон аймаг гэсэн хоёр газар Монголын хүүхдийн өвлийн спортын VIII наадмыг хоёрдугаар сарын 17-24-нд зохион байгуулж байна. Өнөөдөр тус наадмын нээлтийн ёслол Хандгайт дахь мөсөн гулгуурын талбайд болсон бөгөөд ССАЖЗЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ч.Энх-Амгалан, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга, МТХ-ны ерөнхийлөгч Д.Болормаа тэргүүтэй хүндэт зочид оролцлоо. Энэ удаагийн наадамд найман спортын төрөлд 22 багийн нийт 546 тамирчин 478 багц медалийн төлөө өрсөлдөж байна.
Нээлтийн ёлолын эхэнд БТСУХ-ны дарга О.Баттулга хэлсэн үгэндээ “Орон нутгаасаа шалгарсан шилдгийн шилдэг тамирчин Та бүхэнд онцгойлон баяр хүргэж, өвлийн спортын сурталчла өсвөрийн тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, тив, дэлхийн тэмцээнд өрсөлдөх тамирчдыг нээн илрүүлэх зорилготой”-г тэмдэглэлээ.
Мөн ССАЖЗЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ч.Энх-Амгалан хэлсэн үгэндээ “Монгол Улсын Засгийн газар, ССАЖЗЯ-наас нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, мэргэжлийн спорт, үндэсний спорт, өндөр зэрэглэлийн спорт, өвлийн спортын чиглэлийн стератеги төлөвлөгөөг гаргаж, ирэх дөрвөн жилд, цаашлаад найман жилийн хугацаанд Монголын спортын салбарыг дэлхийн төвшинд гаргах томоохон ажил эхэлж байгааг дуулгахад таатай байна” хэмээн тодотголоо.
Энэ удаагийн наадамд гүйлтийн тэшүүр, шорт трейк, снөүбоард, уулын цана, шайбтай хоккей, гүйлтийн цана, тусгай олимпын цасны гуталтай гүйлт гэсэн үндсэн долоон төрөлд өрсөлдөөн өрнөх бол наадмын үзүүлэх төрөлд тусгай олимпын гүйлтийн цанын спорт багтсан юм. Наадмын тэмцээн уралдааны тухайд, Чингэлтэй дүүргийн Спорт цогцолборт шайбтай хоккей, Хандгайт дахь мөсөн гулгуурын талбайд гүйлтийн тэшүүр, шорт трейк, Орхон аймгийн “Сархиа” цанын баазад уулын цана, гүйлтийн цана, снөүбоард, цасны гуталтай гүйлтийн тэмцээн зохион байгуулагдаж байна.