Монголын бурхны шашинтны төв- Гандантэгчэнлин хийдийн зурхайч, гэвш Ч.Очирбат "Зурхайн ухаан: Эртний мэдлэг ба өнөө цагийн хэрэглээ" сэдвээр мэдээлэл өглөө.
Зурхайн ухаан бол тооцооллын нарийн судалгаа төдийгүй, буддын шашнаас салбарлан хөгжсөн эртний ухаан юм. Түүний үндэс суурь нь Бурхан багшийн айлдсан Дүйнхорын номлол-той холбогддог бөгөөд МЭӨ III–IV зууны үед Энэтхэгт үүсчээ. Тэндээсээ Төвдөд дэлгэрч, улмаар Монголд нутагшин, өнөөдрийн бидний хэрэглэж буй Төгс буянтын зурхай болон хөгжсөн түүхтэй.
Зурхайн ухааны хөгжлийн замнал
МЭӨ VI-VII зууны үед Энэтхэгийн их эрдэмтэн бандида Зилова Дүйнхор заржүд номыг гүнзгий судалж, Төвдийн зурхайн ухааны үндэс суурийг тавьжээ. Улмаар Төвдийн зурхай “цүр” (тооллын) ба “пүг” (мэргэ) гэсэн хоёр үндсэн чиглэлд хөгжсөн байна.
1440-өөд оны үед Төвдийн эрдэмтэн Дэсрэд Санжаажамц зурхайн болон тэжээхүйн ухааныг нэгтгэн “Бэдар гарав”, “Бэдар омбу” зэрэг зохиол бүтээл, туурвиж дэлгэрүүлсэн. Харин Монголд 1747 онд Сүмбэ хамба Ишбалжир “Гэдон зэсэр” буюу Төгс буянтын зурхай-г боловсруулж, Монгол орны газарзүйн онцлогт тохируулан нутагшуулж, Монгол зурхай болгосон.
Үүнээс хойш Монголын эрдэмтэд зурхайн ухааны чиглэлээр олон бүтээл туурвижээ. Ламын гэгээн Лувсанданзанжамц энэ ухааныг гүнзгийрүүлэн судалж, од эрхсийн нөлөөллийг тайлбарласан олон ном зохиосон нь зурхайн уламжлал өнөөдрийг хүртэл хөгжихөд чухал нөлөө үзүүлсэн билээ. Тэрбээр:
“Огторгуйд орчигч одон гариг
Орчлогийн амьтанд сайн муугаар нөлөөлмүй.
Огоорч авахыг мэдүүлэхийн тулд
Оддын зурхайг бичвэй би.”
хэмээн тэмдэглэн үлдээсэн нь түүний судалгааны гүн гүнзгий утга учрыг илэрхийлж байна.
Зурхай ба шинжлэх ухаан
Орчин үед одон орон судлал бие даасан шинжлэх ухаан болон хөгжсөн ч, уламжлалт зурхайн нарийвчлал судлаачдын анхаарлыг татсан хэвээр байна. Тухайлбал, “Төгс буянтын зурхай” од эрхсийн хөдөлгөөнийг 29.53058 хоногийн нарийвчлалтай тооцдог бөгөөд энэ нь орчин үеийн одон орон судлалын тооцоололтой нягт нийцдэг юм.
Физикийн Эрдэм шинжилгээний хүрээлэнгээс 1000 жилийн туршид гарсан тооцооллыг судалсны дүнд уламжлалт зурхайн ухааны нарийвчлал өндөр болохыг нотолсон бөгөөд энэ талаар саяхан болсон хэвлэлийн хурлаар мэдээлсэн.
2025 оны “Элдэв эрдэнэт” могой жилийн өнгө
Жил бүрийн өнгийг шинждэг уламжлалын дагуу 2025 оны могой жилийг “Элдэв эрдэнэт” хэмээн нэрлэжээ. Энэ нь хэрүүл тэмцэл багатай, хүн зонд амар тайван жил болохын билгэдэл боловч, байгаль цаг уур, мал аж ахуй, газар тариалангийн салбарт анхааралтай хандах шаардлагатайг харуулж байна.
Шороон үхрийн шинжээр:
• Улирал бүрийн эхэнд: Салхи шуурга, шамрагатай
• Улирлын дундуур: Бороо хур багатай, халуун байх төлөвтэй
Мөн энэ жил хоёр хар мэнгэ давхацсан тул гарз гарах магадлалтай гэж үзэж байна. Иймээс:
• Хавар, намрын улиралд буян номд шамдан, жасаа хуруулах, даллага авахуулах, Алтангэрэл тахиулах, Говийн Лха тахиулах, Норжмаа сүн уншуулах зэрэг зан үйл хийхийг зөвлөж байна.
Гандантэгчэнлин хийдэд дээрх номын уншлагууд өдөр бүр хурж байдаг тул иргэд өөрийн боломжтой өдөр ирж даатгал залбирал хийх боломжтой.
Зурхайн ухааны ач холбогдол
Зурхайн ухаан нь зөвхөн мэргэ төлөг бус, цаг хугацааны явцыг нарийн тооцоолон, хүн төрөлхтөнд анхааруулга, сэрэмжлүүлэг өгч байдаг эртний ухаан юм.
Жил бүрийн өнгийг урьдчилан тооцоолж, аливаа эрсдэлээс сэргийлэх боломжийг олгодог энэхүү мэдлэгийг судалж, амьдралдаа ухаалаг хэрэглэснээр хувь хүн болоод нийгмийн амар амгалан, элбэг дэлбэг байдалд хувь нэмэр оруулж чадна.
Бусад зурхайн дэлгэрэнгүйг "Билгийн мэлмий" сониноос...