Монгол улсын зэвсэгт хүчний энхийг сахиулах үйлсэд оруулж буй хувь нэмрийг сурталчлах, энхийг сахиулагчдын амжилт бүтээл, гавьяа, зүтгэлийг алдаршуулах зорилгоор “Дурсгалын хөшөөт бөмбөрцөг”-ийг шинээр бүтээж, жагсаалын талбайг “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д 2020 онд сүндэрлүүлсэн юм.
Нийтдээ 40 мянган м/кв талбайг хамардаг энэхүү цогцолбор нь эр зориг, тэсвэр хатуужлаараа онцгойрон шалгарч дэлхийн халуун цэгт энхийг сахиулах үүргээ нэр төртэй гүйцэтгэж, энхийн төлөө хувь нэмрээ оруулсан дайчдын тухай өгүүлэх сүр жавхлант утга илэрхийлсэн хөшөө юм.
“Монгол цэрэг-Энхийн төлөө” дурсгалын цогцолбор хөшөө нь офицер, ахлагч, эмэгтэй гурав байх бөгөөд зэвсэгт хүчний нийт ахлагч нарын идэвх санаачилга, хандиваар нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хийж хэрэгжүүлсэн томоохон бүтээн байгуулалт болсон юм.
Монгол улс НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд цэргийн багаа илгээж эхэлснээс хойш 18000 гаруй цэргийн алба хаагч оролцсоны 70 гаруй хувийг зэвсэгт хүчний гол цөм болсон мэргэжлийн ахлагчийн бүрэлдэхүүн эзэлж байгаа юм. Тийм ч учраас хүн төрөлхтний энх тайван, аюулгүй байдлын төлөө монгол цэргийн оруулсан хувь нэмэр, гавьяат үйлсийг алдаршуулах зорилготой энэхүү цогцолборыг байгуулжээ.