Шри Ланкын иргэд тайван замаар эсэргүүцлийн жагсаал хийж эхэлсэн боловч удалгүй мөргөлдөөнөөр үргэлжилсэн байна. Цагдаа нар нөхцөл байдлыг намжаахын тулд тодорхойгүй хугацаагаар хөл хорио тогтоолоо. Иргэд эдийн засгийн хямралыг эсэргүүцэж, Ерөнхийлөгч Готабаяа Ражапаксагийн хувийн харш руу халдах гэж оролдсон ч цагдаа нар хамгаалжээ.
Өчигдөр орой улсын Ерөнхий байцаагч Чандана Викрамаратне нийслэл Коломбо хотын ихэнх дүүрэгт хөл хорих ба дараагийн шийдвэр гарах хүртэл хөл хорио үргэлжилнэ гэдгийг мэдэгдсэн байна.
Эдийн засгийн хямралыг эсэргүүцсэн жагсагчид нийслэлийн Мирихана дүүрэгт цагдаа нар луу чулуу шидэж, ширүүн мөргөлджээ. Тэд Ерөнхийлөгчийн амьдардаг харшийг хамгаалсан эхний хамгаалалт руу дайрсан байна. Уурлаж бухимдсан иргэд “гэртээ харь Гота. Чи бол дарангуйлагч” хэмээн хашхирчээ.
Шри Ланкад гадаад валютын хямрал үүссэнээр Засгийн газар хүнс, шатахууны импортын төлбөр төлөх чадамжгүй болжээ. Шатахууны хомстол үүссэнээс 13 цагийн турш гэрэл цахилгаан тасарсан байна. Улмаар томоохон эмнэлгүүдэд хүнд мэс заслууд саатжээ.
Эдийн засгаа аврахын тулд тус улсын эрх баригчид Олон улсын валютын сан, Хятад, Энэтхэг улсуудаас зээл тусламж хүссэн. Бээжин, Шинэ Дели тус бүр 1,5 тэрбум ам.долларын зээл тусламжийг үзүүлэхээр яригдаж байна.
Эх сурвалж: Al Jazeera