Бага насны хүүхдүүдийн амтархан иддэг Киндер өндгөн шоколад болон бусад төрлийн Киндер амттанаас салмонелла гэдэсний цочмог халдварт өвчний нян илэрч байгаа тул Европ, Канадын бүс нутагт уг компанийн шоколад амттануудыг лангуунаас хурааж, эргүүлэн татаж эхэлжээ.
Хамгийн анх Их Британид Киндер шоколад идсэн хүүхэд салмонелла нянгаар халдварласан тохиолдол нэгдүгээр сард бүртгэгдсэн байна. Үүнээс хойш тус улсад 63 тохиолдол, Европ даяар 134 тохиолдол илэрчээ. Халдвар авсан хүүхдүүдийн дийлэнх нь 10-аас доош насныхан байгааг Европын Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах төв мэдээлээд байна.
Одоогоор Европын хэд хэдэн улс, Канад болон Хонконгт Бельги улсад үйлдвэрлэсэн Киндер сюрпрайз, Киндер мини, Киндер макси болон Киндер шоко бонсыг лангуунаас хураах шийдвэр гаргажээ. Мөн АНУ-ын Хүнс, эм бэлдмэлийн газар Киндер шоколадуудыг эргэн татах тухай хэлэлцэж эхэлсэн байна.
Киндер компанийг эзэмшдэг Италийн Ферреро групп Бельгийн Арлон хотод байдаг үйлдвэрт салмонелла нян тархсан байж болзошгүй тул хяналт шалгалт хийх тухай мэдэгджээ. Мөн болсон явдалд харамсаж буйгаа илэрхийлэн хүнсний аюулгүй байдлыг нэн чухалчилж, байж болох бүх арга хэмжээг авахаа мэдэгдээд байна.
Эх сурвалж: NPR, SCMP