Цаг үеийн мэдээ

Москва Украин руу цэргээ оруулснаас үүдэж Финлянд болон Швед улсууд Европын цэргийн эвсэл НАТО-д элсэх явц түргэсч болзошгүй гэж шинжээчид таамаглаж байна. НАТО-ын мэргэжилтнүүд CNN сувагт өгсөн ярилцлагадаа Орос стратегийн алдаа гаргаснаас үүдэж Швед болон Финлянд улсууд НАТО-д элсэх тухай нухацтай яригдаж эхэлсэн хэмээн дурджээ.

Ерөнхийлөгч Владимир Путин Украинд цэргийн ажиллагаа явуулснаар НАТО-ын зүүн Европт тэлэх санаачилгыг үгүй хийнэ гэж төлөвлөсөн. Гэвч энэ нь үнэн хэрэгтээ НАТО-г улам бэхжүүлж, шинэ гишүүн орнуудыг элсүүлэх явцыг хурдасгасан явдал боллоо гэж ажиглагчид харж байна. Орос Украинд цэрэг оруулсны дараа НАТО Украин дахь дэмжлэгээ улам бүр нэмэгдүүлсэн. 

Өнгөрсөн долоо хоногт болсон НАТО-ын гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалтанд Финляндын Ерөнхий сайд Санна Марин Парламентын гишүүд НАТО-ын гишүүн орон болох тухай хэлэлцэж эхэлсэн бөгөөд хэдхэн долоо хоногийн дараа эцсийн шийдвэр гарна гэж мэдэгджээ. Харин Шведийн Ерөнхий сайд Магдаленна Андерссон гуравдугаар сард өгсөн ярилцлагадаа НАТО-д гишүүнээр элсэх боломжгүй тухай дурдаж байсан ч тавдугаар сарын эцэс гэхэд нөхцөл байдал тодорхой болно гэжээ.

Эх сурвалж: CNN 

 

Таны сурталчилгаа