АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өмнө нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг дайны гэмт хэрэгтэн хэмээн зэмлэн буруутгаж байсан бол энэ удаад Украины нутаг дэвсгэрт геноцидын гэмт хэрэг үйлдэж байна хэмээн мэдэгджээ. Тэрээр Айова мужид зохион байгуулсан арга хэмжээн дээр хэлсэн үгэндээ ийнхүү Путиныг зэмлэсэн байна.
Байдены энэ үгийг Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский жинхэнэ удирдагчийн үнэн үг хэмээн сайшаан магтаж буйгаа илэрхийлжээ. Зеленьский Путины ойрын холбоотон гэгддэг гэрийн хорионд байгаа тэрбумтан Виктор Медведчукийг Оросын цэргүүдэд баригдсан Украины хоригдлуудаар солилцох санал тавьсан байна.
Энэ хооронд Оросын төрийн тэргүүн Путин алс дорнодын Амур мужид очиж Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенкотой уулзлаа. Уулзалтын дараа хэлсэн үгэндээ Путин Украинд цэргийн ажиллагаа явуулахаас өөр аргагүй байсан тухайгаа ярьжээ.
Орос Украинд цэргээ оруулснаас үүдэлтэйгээр Европын Холбоо Москвагийн эсрэг олон талын хориг тавьсан. Хэрэв Европын хориг үргэлжилсээр байвал газрын тосны үнэ баррель нь 150 ам.долларт удахгүй хүрнэ гэж ОХУ-ын РИА агентлаг дамжуулжээ.
Эх сурвалж: Al Jazeera