Цаг үеийн мэдээ

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон коронавирусийн халдварын тархалтыг намжаах хөл хорионы үед албан байрандаа удаа дараа үдэшлэг зохион байгуулсан хэрэг олны шүүмжлэлд өртөөд байсан. Тэрээр төрсөн өдрийн баярт оролцсоноор Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэж байхдаа хууль зөрчсөн Британийн анхны Засгийн газрын тэргүүн болсон юм. 

Жонсон мягмар гарагт телевизэд өгсөн ярилцлагадаа цагдаагийн газраас ноогдуулсан торгуулийг тэр даруй төлсөн ба дахин нэг удаа уучлалт гуйя гэжээ. Ерөнхий сайдаас гадна түүний эхнэр Кэрри Жонсон болон Сангийн яамны канцлер Риши Сунак нарыг торгохоор болсон байна. 

Нэр нөлөө бүхий албан тушаалтнууд бүх нийтийн хөл хориог зөрчсөн явдал нь олон нийтийн бухимдлыг төрүүлээд зогсохгүй сөрөг хүчний намынхан Засгийн газрыг огцрохыг шаардсан юм. Гэвч Ерөнхий сайд буруугаа хүлээн зөвшөөрөхөөс татгалзаад байсан билээ.

Цагдаа нар ковидын хөл хорионы үед дүрэм зөрчсөн иргэдийг 60-10,000 хүртэл фунт стерлингээр торгож байсан юм. Харин Британийн Засгийн газрын байранд үдэшлэг зохион байгуулж, дүрэм зөрчсөн 100 гаруй улс төрчөөс мэдүүлэг авч, 50 гаруй торгууль оногдуулсан ч хэнд хэр хэмжээний торгууль тавьсан нь тодорхойгүй байна. 

Эх сурвалж: Al Jazeera

 

Таны сурталчилгаа