Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденыг Украин улсад айлчлахыг урьжээ. Тэрээр өнгөрсөн амралтын өдрүүдэд хийсэн мэдэгдэлдээ дайсны талд эцсээ хүртэл бууж өгөхгүй гэдгээ дахин мэдэгдсэн байна.
CNN телевизэд өгсөн ярилцлагын үеэр Байден Украинд ирэх тухай асуухад Зеленьский “мэдээж хэрэг ирэх эсэх нь Ерөнхийлөгч Жо Байдены шийдвэр. Мөн аюулгүй байдлын нөхцөл байдлаас шалтгаална. Гэхдээ тэр АНУ-ын төрийн тэргүүн учраас энд ирж бүгдийг өөрийн нүдээр харах хэрэгтэй. Түүнийг ирнэ гэж итгэж байна” хэмээн хариулжээ.
Өнгөрсөн пүрэв гарагт Байден хэвлэлийн хурал дээр Украиныг дэмжиж буйгаа илэрхийлэн өндөр дээд албаны төлөөлөгчөө удахгүй илгээх тухай мэдэгдсэн. Үүнд Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, Батлан хамгаалахын сайд Лойд Остин нарын нэр яригдаж байгаа юм.
АНУ Украинд 800 сая ам.долларын зэвсгийн тусламж нэмж үзүүлсэнд Зеленьский талархаж байгаа ч нутаг дэвсгэрээ хамгаалахын тулд илүү их тусламж шаардлагатай гэжээ. Түүний тооцоолсноор Оросын цэргийн ажиллагаа эхэлснээс хойш Украины армийн 2,500-3,000 цэрэг амиа алдаж, 10,000 гаруй нь гэмтэж шархаджээ. Харин Оросын тал 20,000 хүртэл тооны цэргээ алдсан гэж таамаглаж байгаа ажээ.
Эх сурвалж: The Guardian