Цаг үеийн мэдээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины найз бүсгүй хэмээх цуу ярианд өртдөг Олимпын медальт уран гимнастикч Алина Кабаеваг Украины дайныг дэмжсэн хэрэгт зэмлэж Европын Холбоо хориг тавихаар зэхэж байна. Алина Кабаевагаас гадна Оросын Үнэн алдартны сүм хийдийн тэргүүн хамба Кириллийн хөрөнгийг царцааж, зорчин явах эрхийг нь хязгаарлана гэж Европын Холбооны эх сурвалж мэдээлжээ.

Кабаева Путинтай удаан хугацаанд хувийн харилцаатай байсан гэж яригддаг бөгөөд Кремлийн хэвлэл мэдээллийн менежерийн ажлыг гүйцэтгэж ирсэн байна. Тэргүүн хамба Кирилл удаан хугацаанд Кремлийн эрх ашгийн төлөө хүчин зүтгэж ирсэн гэж үздэг. Блүмберг агентлаг шинээр хориг тавихаар бэлдэж буй хүмүүсийн жагсаалтад Кабаева, тэргүүн хамба нарын нэр байгааг анх мэдээлжээ. Шинээр гаргаж буй жагсаалтад 20 гаруй хүн багтсан байна.

Европын Холбоо Оросыг Украинд дайн эхлүүлснийг зэмлэн буруушааж ОХУ-ын Засгийн газрыг дэмждэг гэх 1,000 гаруй хүний эсрэг хориг тавиад байгаа юм. Түүнчлэн хоригийн жагсаалтад нисэх буудал, тээврийн хэрэгсэл, эд анги болон дайнд ашигладаг технологийг үйлдвэрлэдэг Оросын 16 компанийг нэмж багтаах тухай эх сурвалж мэдээлжээ.

Эх сурвалж: The Guardian 

 

Таны сурталчилгаа