Цаг үеийн мэдээ

Цар тахлын улмаас хоёр жилийн турш хилээ хаасан Япон улс энэ оны гуравдугаар сарын 1-ээс гадны иргэдэд хилээ нээсэн. Японыг зорих гадны иргэд визийн хүсэлт гаргаснаар тус улсад зорчих эрхтэй боловч аялагч жуулчдын өмнө хил хаалттай хэвээр байгаа юм.

Тэгвэл тус улс ирэх зургадугаар сараас олон улсын жуулчдад хилээ нээж магадгүй байна. Хувийн салбарын бизнес эрхлэгчид Ерөнхий сайд Фумио Кишидад хандан аялагч жуулчдын өмнө хилээ нээх хүсэлтийг удаа дараалан тавьж байгаа юм. Ерөнхий сайд 7 орны дээд хэмжээний уулзалтад оролцож байгаа бөгөөд Лондонд хэвлэлийн бага хурал дээр хийсэн мэдэгдэлдээ цар тахлын нөхцөл байдал харьцангуй тогтворжиж байгаа тул хилийн хяналтаа сулруулах тухай дурдсан байна.

Үүний дараахан Японы Засгийн газар ирэх сард гаднын жуулчдын өмнө хилээ нээх тухай хэлэлцэж эхэлсэн гэж Никкей өдөр тутмын хэвлэл мэдээлжээ. Жуулчдыг хүлээж авахдаа эхний ээлжид группээр хүлээж авах санал гарсан байна. Засгийн газар шийдвэрээ энэ сарын сүүлч гэхэд танилцуулах юм байна.

Хэрэв жуулчдад хилээ нээвэл өдөртөө 20,000 орчим хүн хилээр нэвтрэх тооцоо гарчээ. Хилийн хоригоо сулруулснаас хойш одоогоор хоногт 10,000 хүн Япон улсад ирж байгаа аж.

Цар тахлын эхний жил Япон улс хилээ хааснаас 10 их наяд иений хохирол амссан бөгөөд хоёр жилийн хугацаанд 22 их наяд иений хохирол амссан гэж Кансай их сургуулийн профессор тооцоолсон байна. Тус улс цар тахлаас өмнө жилдээ 40 сая жуулчин хүлээж авахаар бэлтгэж байсан боловч хилээ хааснаас ердөө 250,000 гаднын иргэн хүлээж авчээ.

Эх сурвалж: Japan Times

Таны сурталчилгаа