Цаг үеийн мэдээ

Филиппин улсын 112 сая гаруй иргэнийг удирдах шинэ төрийн тэргүүнийг сонгох санал хураалт өнөөдөр эхэллээ. Ерөнхийлөгчийн сонгуульд 10 нэр дэвшигч өрсөлдөж байгаа ч ердөө хоёр хүний хооронд гол өрсөлдөөн болно гэж үзэж байна. Өнөөгийн дэд Ерөнхийлөгч, сөрөг хүчний удирдагч хатагтай Лени Робредо болон дарангуйлагчийн хүү Фердинанд Маркос Жр нарыг гол өрсөлдөгчдөөр нэрлэжээ. 

Олон нийтийн дунд явуулсан урьдчилсан санал асуулгаар энэ удаагийн сонгуульд Филиппиний дарангуйлагч агсан Фердинанд Эммануэль Маркосын хүү Фердинанд Ромуалдез Маркос Жр ялалт байгуулах өндөр магадлалтай ажээ. Тэрээр хүний эрхийн хуульч мэргэжилтэй бөгөөд  хуучинсаг, ялзарсан улс төрчдийг халж сэлгэхээ амласан байна. 

Маркос Жр буюу Бонбоны гэр бүл улсаас 10 тэрбум ам.доллар шамшигдуулж, олон мянган эсэргүүцэгчийг баривчилж, амь насанд нь халдаж байсан харанхуй түүхтэй. Гэвч түүнийг дэмжигчид гэр бүлийнх нь тухай ойлголтыг өөрчилж, цахим сүлжээгээр идэвхтэй суртал ухуулга явуулсан нь сонгуульд ялах боломж олгож магадгүй хэмээн ажиглагчид таамаглаж байна. 

Бонбон эцгийнхээ үйлдсэн харгислал, хээл хахуулийн өмнөөс уучлалт гуйхын оронд эцгээ жинхэнэ улс төрч байсан хэмээн өргөмжилжээ. Мөн эцэг Маркосын дарангуйллын он жилүүдийг Филиппин улсын хөгжин цэцэглэлтийн алтан үе байсан гэх худал мэдээллийг олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр явуулсан байна. Бонбоны ээж Имелда 3,000 хос гутлын цуглуулгаараа олонд танигдсан ч ээжийгээ шилдэг улс төрч байсан хэмээн сайшаан магтжээ. 

Энэ удаагийн сонгуульд тус улсын 67 сая иргэн саналаа өгөхөөр бүртгүүлсэн ба санал хураах байрууд даваа гарагийн өглөө 6 цагаас нээгдэж, уртасгасан цагаар ажиллаж орой 19 цагт хаалгаа барих юм байна. Ковид-19 цар тахлын улмаас зай барих дүрмийг хэрэгжүүлэх шаардлагатай тул санал хураах байруудын ажиллах цагийг сунгажээ. Санал хураах байрууд хаагдсан даруйд саналын хуудсыг тоолж эхэлнэ. Шинээр сонгогдсон төрийн тэргүүн зургадугаар сарын 30-ны өдөр тангаргаа өргөж, ирэх зургаан жил улсыг удирдана. 

Эх сурвалж: The Guardian, Al Jazeera 

Таны сурталчилгаа