Цаг үеийн мэдээ

Умард Солонгос улсад Ковид-19-ийн анхны тохиолдол бүртгэгдсэн гэдгийг өнгөрсөн долоо хоногт албан ёсоор мэдээлсэн. Үүнээс хойш халдвар авсан 50 хүн нас барсан бөгөөд сая гаруй хүнд халуурах шинж тэмдэг илэрч, хагас сая гаруй хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байна гэж мэдээлжээ.

Удирдагч Ким Жон Ун уг нөхцөл байдлыг таамаглаж байсан ч бодит байдал түүний бодсоноос ч хүнд байгаа бололтой. Ким Жон Ун өнгөрсөн амралтын өдрүүдэд хийсэн шуурхай хуралдаан дээр эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг хурцаар шүүмжлэн зэмлэж, армийн алба хаагчдыг эм бэлдмэл тараахад туслах тушаал өгсөн байна. 

Умард Солонгосын иргэд коронавирусийн вакцинжуулалтад хамрагдаагүй тул халдвар хурдацтай тархаж, гарз хохирлын хэмжээ санаснаас хүнд байна гэж шинжээчид тайлбарлаж байна. Удирдагч Ким Жон Ун хатуу хөл хорио тогтоох нь халдварын тархалтыг саармагжуулна гэдэгт итгэлтэй байгаа юм. 

Түүнчлэн тус улсад шинжилгээ авах боломж нөхцөл хязгаарлагдмал тул коронавирусийн батлагдсан тохиолдол цөөн тоологдох нь гарцаагүй. Олон улсын хамтын нийгэмлэг Умард Солонгост АстраЗенека болон хятад вакцинуудыг сая сая тунгаар нийлүүлэх хүсэлт тавьсан ч Пхеньян хилээ хааснаар ковидын тархалтыг хянаж байгаа хэмээн тусламжаас татгалзсаар ирсэн билээ. 

Газар нутгаараа хиллэдэг Өмнөд Солонгос, Хятад улсуудад коронавирусийн омикрон хувилбар хурдацтай тархаж, томоохон хотуудад хөл хориод байна. Хэрэв Умард Солонгос хүсвэл Сөүлийн зүгээс  бүх талын тусламж үзүүлэхэд бэлэн гэдгээ мэдэгджээ. 

Эх сурвалж: ВВС

Таны сурталчилгаа