Цаг үеийн мэдээ

Алдарт McDonald’s түргэн хоолны сүлжээ 30 гаруй жилийн турш үйл ажиллагаагаа явуулсны эцэст ОХУ-ын нутаг дэвсгэрийг бүрэн орхиж, бүх зоогийн газраа худалдаж эхэлжээ.

Оросын цэргүүд Украины нутагт нэвтэрснээс хойш гуравдугаар сард дэлхийн томоохон брэндүүдийн адил McDonald’s ч мөн 850 салбарынхаа хаалгыг түр бариад байсан юм. Орос, Украины дайн хурцтаж хүмүүнлэгийн хямрал нүүрлэн, урьдчилан таамаглах боломжгүй нөхцөл байдал үүссэн тул Орос дахь бүх салбараа бүрмөсөн хаахаар шийджээ.

McDonald’s 1990 онд Москва дахь анхны салбараа нээсэн нь хүйтэн дайны уур амьсгалыг бага ч болов зөөллөсөн үйл явдал болж, хотын иргэд зоогийн газраар үйлчлүүлэхийн тулд хэдэн цагаар ч дараалалд зогсож байсан юм. Удалгүй зөвлөл социалист тогтолцоо нуран унаснаар ОХУ өрнөдийнхөнд эдийн засгаа нээлттэй болгосон билээ. 

Өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд Орост нээсэн 850 салбарын 62,000 ажилтныг батлан даах нь McDonald’s-ын гол асуудал болоод байна. Ажилчдынхаа аж амьдралыг аврахын тулд худалдах, худалдан авах гэрээ хэрэгжиж дуустал үргэлжлүүлэн цалинг нь олгох ба гэрээ бүрэн зурагдсаны дараа салбаруудыг худалдаж авсан шинэ эздэд үргэлжлүүлэн ажиллах боломж олгохоор хичээл зүтгэл гаргаж байгаа аж.

McDonald’s-ын өнгөрсөн жилийн дэлхий даяар хийсэн нийт борлуулалтын 9 орчим хувь нь Орос, Украинд зарагдсан байна. McDonald’s Украин дахь 108 салбараа дайны улмаас түр хаасан бөгөөд ажилчдадаа цалинг нь бүтэн олгосоор байгаа юм. 

Эх сурвалж: ВВС 

Таны сурталчилгаа