Цаг үеийн мэдээ

Нэтфликс платформ 10 жилийн хугацаанд анх удаа 200,000 үзэгчээ алдсанаа өнгөрсөн сард зарласан. Үүний дараа 150 ажилтнаа цомхотгосон байна.

Цомхотгосон ажилтнуудын дийлэнх нь Америкийн Калифорни дахь салбарт ажиллаж байжээ. Эдгээр 150 ажилтан нь Нэтфликсийн Умард Америк дахь ажиллах хүчний 2 хувь нь аж. 

Компанийн зүгээс ашиг орлого нь буурсан тул ажлын байраа чөлөөлсөн гэж тайлбарласан байна. 2022 оны эхний улиралд Нэтфликсийн үзэгчийн тоо буурснаас гадна энэ жилийн эцэс гэхэд дахин 2 сая үзэгчээ алдах тооцоолол гаргаад байгаа. 

Уг мэдээллийн дараа компанийн хувьцааны ханш нэг хоногийн дотор 35 хувиар буурсан юм. Гэсэн ч 220 сая хэрэглэгчтэй тус платформ видео стрийминг үйлчилгээний зах зээлд тэргүүлэгч хэвээр үлдэж чадсан. Disney Plus, HBO болон Amazon's Prime Video платформууд зах зээлд хүч түрэн орж ирж байна. 

Нэтфликс зардлаа танахын тулд ажилчдынхаа тоог цөөлснөөс гадна зарим контентын хөгжүүлэлтээ зогсооход хүрчээ. Тухайлбал Их Британийн ханхүү Харригийн эхнэр Меган Мэрклийн бүтээсэн “Сувд” нэртэй хүүхэлдэйн цувралын хөгжүүлэлтийг зогсоох шийдвэрийг энэ сарын эхэнд гаргасан байна. 

Эх сурвалж: ВВС

 

Таны сурталчилгаа