ОХУ Украины нутаг дэвсгэрт цэргээ оруулснаас хойш НАТО цэргийн эвсэлд нэгдэх хүсэлтээ өгөх болсон тухайгаа Швед, Финлянд улсууд мэдэгдээд байсан юм. Тэгвэл Швед, Финлянд улсууд НАТО-ын гишүүн орон болох хүсэлтээ албан ёсоор гардуулсныг НАТО-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбэрг мэдэгдэж, түүхэн үйл явдлын гэрч болсон гэдгээ зарлажээ.
Йенс Столтенбэрг хоёр улсын өргөдөл хүсэлтийг 30 гишүүн оронтой байгууллагын Брусселль дэх удирдах байранд хүлээж авсан байна. Тэрээр “Би Финлянд, Швед улсуудын НАТО-д элсэх хүсэлтийг тун баяртайгаар хүлээж авч байна. Та нар бидний хамгийн ойрын түншүүд юм” хэмээн мэдэгджээ. Мөн аюулгүй байдлын асуудал хөндөгдөж болзошгүй эгзэгтэй цаг үед сайхан үйл явдал тохиож, түүхэн алхам хийлээ хэмээн сайшаан магтжээ.
Швед улсын НАТО дахь төлөөлөгч Аксель Вернхофф, Финляндын НАТО дахь төлөөлөгч Клаус Корхонен нар лхагва гарагийн өглөө 08 цагт гадаад хэргийн сайд нарын гарын үсэг бүхий хүсэлтийг өргөн барьсан байна. Уг үйл явдлын дараа Финляндын Ерөнхийлөгч Саули Нинисто, Шведийн Ерөнхий сайд Магдалена Андерсон нар Вашингтонд зочилж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай уулзахаар төлөвлөжээ.
Эх сурвалж: The Guardian