ОХУ-д жил бүр зохион байгуулагддаг олон улсын “Цэргийн наадам -2022” тэмцээний "Армийн соёл, урлаг" төрөлд Монгол Улсын Зэвсэгт хүчин анх удаа музейн үзэсгэлэнгийн төрлөөр оролцсон бөгөөд 17 орны цэргийн музей өрсөлдөж Монгол цэргийн музей дэд байр эзэллээ.
Наадам зохион байгуулах хорооноос ирүүлсэн шалгуур үзүүлэлт, дүгнэх журмын дагуу Монгол цэргийн музей “13 дугаар зууны морьтон дайчид” сэдэвт үзэсгэлэнгээр өрсөлдсөн.
Монгол түмний аж байдал, соёл уламжлал, түүх соёл морьтой салшгүй холбоотой. Эрт үеийн эрэлхэг дайчид, эзэн Чингис хааны тулаанч баатруудаас улбаатай Монгол цэрэг эрсийн дайн тулаанд ялалт байгуулж ирсэн түүх, ардын хувьсгалын ялалт, Халх голын дайн, Чөлөөлөх дайны түүхэнд ч үргэлжилж Монгол цэрэг монгол морьтойгоо хамт байсан билээ.
Энэхүү үзэсгэлэнд цэрэг эрийн үнэнч нөхөр морины тухай харуулхаар зорьсон бөгөөд уламжлалт Монгол ахуй, монгол гэр, морины холбоотой эд өлгийн зүйлсийг дэлгэн харуулсан. Монгол гэр, эмээл хазаар, чөдөр, ногт, бугуйл, хусуур, богц зэрэг морины хэрэглэлүүд, монгол гэрийн авдар, явган ширээ, тулга, аяга, цар таваг зэргийг хуулбараар хийлгэж, Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр зохин байгууллаа.
Монгол уламжлалт оньсон тоглоом, шагайн наадгайг тайлбарлан биеэр тоглож үзүүлэхийн зэрэгцээ угсардаг монгол гэр бариулах, тамганы дардас даруулж өгөх зэргээр боловсрол, сурталчилгааны ажлыг хийж байна.
Орчин үеийн виртуал үзүүллэг болох “VR box” -оор эртний Хархорум хот, хааны ордныг харуулж бодит орчинд зочлуулсан онцлогтой үзэсгэлэн боллоо.
Ирсэн зочид үзэгчдийг идээ таваг бүхий ширээнд урьж монгол цай, төрөл бүрийн ундаа, боорцог, ааруулаар дайлж буй манай үзэсгэлэнгийн танхимаар олны хөл тасрахгүй, сониучирхсон хүмүүс, баярласан хүүхдийн дуунд өнжиж, хамт үзэсгэлэн гаргаж байгаа бусад орны мэргэжил нэгтнүүдтэйгээ өрсөлдөхөөс илүү нөхөрлөж, туршлага судалж, холбоо тогтоосон сайхан арга хэмжээ болсон.
Мөн “Найрамдлын ордон”-д зохион байгуулсан “Монгол Улс сурталчлах өдөрлөг”-т зориулан “Монгол-Оросын хамтын ажиллагаа” үзэсгэлэнгээ гаргасан. Өдөрлөгт оролцсон зочдод Монгол Улс, Зэвсэгт хүчний талаар мэдээлэл хийж, урлагийн тоглолт үзүүлж, хөгжөөнт тоглоом зохион байгуулж, үндэсний амттангаар зочдыг дайлах зэргээр богино хугацаанд үр дүнтэйгээр зохион байгуулсан.