Цаг үеийн мэдээ

Өнгөрсөн 7 хоногт “Улны айл” олон ангит киноны 2-р ангийг толилууллаа. Хаант төрийн бус ардчилсан төрийн хатан ээж ядуу өрхүүдээ улны айлаас “улны үхэр” гэх дараагийн шат руу унагаж орхив.

УЛНЫ ҮХЭР. Нэн ядуу өрхүүдийг ул тавхай гэлээ ч ядаж хүний төрөлд багтааж байсан бол өвс хивдэг, мөөрч оодогнодог үхэр мал гэж ойлгоорой гэж лүндэн буулгалаа. Үхэр дотроо ч үүлдэр муутай улны үхэр болцгоов. Bottom буюу доод түвшний гэсэн утгатай англи үгийг улны гэж орчуулсан. Одоо хатан ижийн үгийг англи хэлэнд хөрвүүлбэл бол bottom cows гэж хэлэх болоод байна. Үгчилбэл доод түвшний үхэр. Ядуурлын талаар Монгол Улсын хүн амын 30 хувь нь үхэр болсон байна, үнийн өсөлтөөс болж үхэр сүрэг өслөө, хавтгайрсан халамжаас болж залуу улны үхэр нэмэгдлээ, улны бухнууд тугалынхаа мөнгөөр архи ууж байна, тугал бүрд мөнгө өгөх нь зөв үү гэх мэтээр ярина гэсэн үг үү?  

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл улны гэдэг нэршлийг ХНХЯ-ныхан угаасаа олон жил ашиглаж ирсэн, үгээр хөөцөлдөхийн оронд ажлаа хий, ядууралтай тэмц гэж хэлэх гэсэн нь тодорхой. Гагцхүү санаа зорилгоо хэн бүхэнд тодорхой, хүн бүрд ойлгомжтой илэрхийлэхийн оронд зохисгүй зүйрлэл, оновчгүй үг хэрэглэх гэм биш зантай, тэр хэрээр өөрийгөө улам хүнд байдалд оруулах дуртай хүн юм. Үхэр монгол гэдэг хэдэн үе дамжсан доромж үг байдаг тул хүмүүс улны үхэр гэдэг үгэнд нь бүр их эмзэглэж байна. 

Ингээд яншиж байхаар ямаагаа самна, хошгирч суулгүй хонь хариул, новширч хэвтэлгүй нохойгоо салхилуул, агсам тавилгүй азаргаа усал, гангалж байлгүй гахай тэжээ, тачаадахаас илүү тахиагаа өндөглүүл, мунагтахаа болиод муураа ил  гэх мэт үг трэнд болон, элдэв мал амьтны төрөл бүрээр баяжиж байна. Ул, үхэр гэдэг дуулиан шуугианд ядууралтай яаж тэмцэх, ямар бодлого барих талаарх яриа хэлэлцүүлэг ч нам дарагдаж байна.

Ер нь улс төрч хэлэхээсээ өмнө бодох ёстой юу, бодохоосоо өмнө хэлэх ёстой юу? 

Таны сурталчилгаа