Цаг үеийн мэдээ

Баянгол, Хан-Уул, СХД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгч асан С.Гал-Эрдэнэ, Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч О.Жамъянсүрэн нарт холбогдох шүүх хурал өчигдөр болсон. Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байсан, “Хангай констракшн” захирал С.Гал-Эрдэнэ нь цагдаагийн алба хаагчид хахууль өгсөн нь мөрдлөгийн явцад тогтоогдсон байна.

Мөрдөн шалгалтын явцад 2023 оны долдугаар сард мөрдөгч О.Жамъянсүрэнгийн охины данс руу С.Гал-Эрдэнээс хоёр удаа тус бүр нэг сая төгрөг шилжүүлсэн болох нь тогтоогдсон төдийгүй О.Жамъянсүрэн гэм буруугаа хүлээн зөвшөөрчээ. 

Ингээд өчигдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хуралдаж С.Гал-Эрдэнийг хахууль өгсөн, О.Жамъянсүрэнг хахууль авсан гэм буруутай гэж үзэн, нийтийн албанд томилогдох эрхийг эрхийг тус бүр 4 жилээр хасаж, нээлттэй хорих байгууллагад хоёр жил хорих ялаар тус тус шийтгэж, хахуулийн 2 сая төгрөгийг улсын орлого болгох шийдвэр гарсан байна.

С.Гал-Эрдэнэ нь 2023 оны зургадугаар сард гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Сэлэнгийнхээ биед халдсан гэж Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст зөрчлийн хэрэг нээн шалгаж эхэлсэн байдаг. Хэргийг анх авч шалгасан мөрдөгч цэргийн тэтгэвэрт гарсан тул журмын дагуу С.Гал-Эрдэнийн зөрчлийн хэргийг тус хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч О.Жамъянсүрэн хариуцан шалгажээ. Тэдний хувьд найз нөхдийн харилцаатай учир О.Жамъянсүрэн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж С.Гал-Эрдэнэд давуу байдал олгож, зөрчлийн хэргийг шийдвэрлэхгүй удаашруулсан байна. Тиймээс эхнэр Сэлэнгэ нь дээрх хэрэгтэй холбоотойгоор С.Гал-Эрдэнэ өөрийн Хаан банкны данснаас мөрдөгч О.Жамъянсүрэнд мөнгө шилжүүлснийг АТГ-т мэдэгдсэнээр АТГ-аас хэргийг мөрдөн шалгажээ.

Эргэн сануулахад, Олимпын аварга Н.Түвшинбаяр өөрийн найз Улсын начин Э.Энхбатыг хэрцгийгээр зодож хөнөөсөн дуулиант хэрэг одоогоос дөрвөн жилийн өмнө гарч байв. Уг аймшигт хэрэг Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Гал-Эрдэнийн Их хуралдай дахь албан өрөөнд болж байсан юм.

Таны сурталчилгаа