Энэ оны нэгдүгээр сарын 23-24-нийг шилжих шөнө Баянгол дүүргийн 22-р хороонд амьдардаг гэр бүлийн 6 хүн угаартаж нас барсан харамсалтай хэрэг гарсан.
Уг гэр бүлээс өнчирч хоцорсон хүү О.Одбаяр хэвлэлд хандан мэдээлэл хийсний дараа талийгаач эмэгтэй О-г архичин байсан, мөн мэдээлэл хийсэн хүү О.Одбаярыг хулгайч байсан гэх мэдээллүүд цахим орчинд гарсан. Цахим орчинд гарсан уг мэдээллээс үүдэн цагдаагийн байгууллага дотоод мэдээллээ задалж гаргалаа гэх олон нийтийн шүүмжлэл байсан юм.
Үүний дараа Хууль зүйн сайд О.Алтангэрэл уг мэдээллийг үгүйсгэн, ташаа мэдээлэл гарсан талийгаач эмэгтэйг архины хамааралтай байгаагүй. Мөн хүү О-г үлгэр жишээ байлдагч байсан гэх агуулгыг ярьсан юм.
Гэвч тэрээр өнөөдөр мэдээлэл задруулсан үндэслэлээр иргэн Б болон хамаарал бүхий дөрвөн иргэнд хэрэг үүсгэн шалгаж байгаа гэх мэдээллийг өглөө.
Тодруулбал, Агаарын чанарыг сайжруулах албаны албан хаагчид болон Нийслэлийн холбогдох албаны мэргэжилтнүүд хоорондын мэдээлэл солилцох Viber групп чатнаас мэдээлэл алдагдсан нь тогтоогдсон. Үүнд холбогдуулан иргэн Б болон хамаарал бүхий дөрвөн иргэнд хэрэг үүсгэн шалгаж байна гэсэн юм. Түүнчлэн тухайн иргэд нь төрийн албаны ямар нэгэн статусгүй гэлээ.
Дээрх мэдээллүүдээс харахад цахим орчинд гарсан мэдээлэл худал юм бол яагаад мэдээлэл задруулсан хэрэгт буруутган шалгаж байгаа вэ? Төрийн албан хаагчид үнэхээр мэдээллээ алдсан юм бол тухайн дотоод чатанд иргэн "Б" юу хийж явсан бэ гэх мэт олон асуулт хөвөрлөө.
Бид уг асуудлыг эргэн сурвалжлах болно.
2025-02-11
юу гэж бичсэн болоод ийм асуудал гарав өөрсдөө элдэв зүйл бичсэн л байна даа төрийн албан хаагч нар гэж бас нэг бүтэлгүй юмнууд