Цаг үеийн мэдээ

D-parliament вэб болон аппликейшн хосолсон цахим системийг нэвтрүүллээ

    Улсын Их Хурлын үндсэн үйл ажиллагаа хууль тогтоох үйл хэрэгт иргэд, олон нийтийн оролцоог хангахад чиглэсэн http://d.parliament.mn вэб болон аппликейшн хосолсон цахим системийг 2022 оны 04 дүгээр сард албан ёсоор нэвтрүүллээ. Тус системээр дамжуулан иргэд, эрдэмтэн судлаачид, сонирхсон хүн бүр парламентад өргөн баригдсан хуулийн төсөлд болон олон нийтийн санал асуулга зэрэгт нээлттэй саналаа өгөх бөгөөд Улсын Их Хурлын гишүүдэд өргөдөл, гомдол болон санал хүсэлтээ илгээх боломжтой болсон.

Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд сар бүрийн 1 ба 3 дахь долоо хоногийн баасан гарагт Монгол Улсын Ерөнхий сайд мэдээлэл хийх ба мэдээллийн сэдвийг http://d.parliament.mn цахим системд байршуулж, иргэдээс асуулт авах, ирүүлсэн асуултыг чуулганы нэгдсэн хуралдаанд нам, эвслийн бүлэг тус бүрээс нэг Улсын Их Хурлын гишүүн төлөөлж, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс асуух зохицуулалтыг шинээр тусгасан. Ингэснээр иргэд Монгол Улсын Ерөнхий сайдаас асуулт асууж, хариултаа авах боломжийг бүрдүүлсэн юм.

    2022 онд d.parliament цахим системд 5.162 иргэн хэрэглэгчээр бүртгүүлж, нийт 193.910 удаагийн хандалт хийгджээ. Иргэд цахим системд байршуулсан төслүүдтэй танилцаж, 2.805 санал, сэтгэгдэл /сomment/, 32.603 дэмжсэн санал /like/, 4.391 дэмжээгүй санал /dislike/ тус тус ирүүлсэн байна.

Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудалд үндэслэн Хянан шалгах гурван түр хороо байгуулагдлаа

Монгол Улсын шинэ Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах зорилгоор Улсын Их Хурлын хянан шалгах бүрэн эрхийг шинэ шатанд гаргах зарчмын өөрчлөлтийг хийсэн. Энэ дагуу Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийг баталж, хуулийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс даган мөрдөж эхэлсэн. Тус хуулийн дагуу 2022 онд Улсын Их Хурлын тогтоолоор Хянан шалгах дараах гурван түр хороог байгуулаад байна.

-Хүний эмийн чанар, хуурамч болон стандарт бус эмийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн асуудлаар Монгол Улсад эмийн хяналт шалгалтыг сайжруулах, хянан шалгах үүрэг бүхий түр хороо;

-Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хороо;

-Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох үүрэг бүхий түр хороо.

Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой хэрэг бүхий асуудалд үндэслэн байгуулсан дээрх Хянан шалгах түр хороод нь тухайн асуудлын шалтгаан, бодит нөхцөл байдлыг тал бүрээс нь шинжлэн тогтоож, нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлаарх үнэн бодит мэдээллийг хуулийн хүрээнд ил болгон, иргэний мэдэх эрхийг хангаж, ил тод болгож буй төдийгүй цаашид хяналтыг чангатгах чиглэлээр шийдвэр гаргаж буйгаараа ач холбогдолтой юм.

Түүхэндээ анх удаа Хөгжлийн банк болон “Нүүрсний хулгайн” асуудлаар ерөнхий хяналтын сонсгол болов

Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн дагуу Улсын Их Хурлаас хяналтын сонсголуудыг эрчимжүүлж байна. 2022 онд Улсын Их Хурал түүхэндээ анх удаа Хөгжлийн банкны асуудлаар болон “Нүүрсний хулгайн” асуудлаар ерөнхий хяналтын сонсгол, Улсын дээд шүүхийн шүүгчид болон Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын болон эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигчийн сонсгол, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагч болон ажил олгогчийг төлөөлсөн, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнийг томилохтой холбогдуулан нэр дэвшигчийн сонсгол, Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой сонсгол,  зэрэг хяналтын сонсголуудыг холбогдох Байнгын болон Түр хороодоос зохион байгууллаа.

Түүнчлэн, Улсын Их Хурлын даргын захирамжаар болон Байнгын, Дэд, Түр хорооны тогтоолоор Хяналт шалгалтын ажлын хэсгүүд байгуулагдан, нийслэл болон аймаг, сумдад ажилласнаар хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийж, хуулийн ямар заалт хэрэгжихгүй, амьдралд нийцэхгүй байна, бусад хуулийн ямар заалттай зөрчилдөж байна гэдгийг тодрууллаа. Зарим ажлын хэсэг үйл ажиллагаагаа дуусгавар болгон санал, дүгнэлт, шийдвэрийн төслийг боловсруулж, Засгийн газарт үүрэг, чиглэл өгч шийдвэрлэсэн бол зарим ажлын хэсгүүд үргэлжлүүлэн ажиллаж байна.

Улсын төсвийн төслөө иргэд, олон нийтийн байгууллагын төлөөлөлтэй хамтран хэлэлцдэг боллоо

2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт буюу Улсын Үндсэн хуулийн 3.1 дэх “ард түмний засаглах эрх”-ийг хангах заалтын дагуу Улсын Их Хурлаас хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэн, саналыг нь тусгах олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгүүдийг тогтмол зохион байгуулдаг.

Тухайлбал, 2022 онд Монгол Улсын түүхэнд анх удаагаа улсын төсвийн төслөө ард олон, эрдэмтэн мэргэд, мэргэжлийн байгууллагууд, ажил олгогчид хамтран ярилцаж, шүүн тунгаах зорилгоор “Төсөв 2023” олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Иргэдийн саналыг http://d.parliament.mn цахим систем, мэйл, утас гэсэн хэлбэрээр 10 хоногийн хугацаанд авч, энэ хугацаанд зөвхөн http://d.parliament.mn цахим системд 68.641 хүн зочилж, 14.563 иргэн Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуультай танилцсан нь энэхүү цахим систем нээгдсэнээс хойших хагас жилийн хугацааны хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Нийтдээ иргэдээс 798 санал, тэр дундаа зөвхөн http://d.parliament.mn цахим системээр дамжуулан 302 санал ирүүлснийг нээлттэй хэлэлцүүлгийн үр дүнд Төсвийн тухай хуулийн төсөлд тусган, шийдвэрлэсэн юм.

Ардчилсан Үндсэн хууль баталсны 30 жилийн ой тохиов

Монгол Улс ардчиллыг сонгож, ардчилсан шинэ Үндсэн хуулиа баталсны 30 жилийн ой 2022 онд тохиолоо. Тухайн үеийн хууль тогтоох дээд байгууллага Ардын Их Хурлын хуралдаанаар Үндсэн хуулийн төслийг 75 хоног хэлэлцсэний эцэст 1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ардчилсан шинэ Үндсэн хуулиа баталсан. Ингэснээр Монгол хүн амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах, үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, амьдрах газраа чөлөөтэй сонгох зэрэг язгуур эрхээ батлан, тунхагласан түүхтэй.

Ардчилсан Үндсэн хуулиа баталсны 30 жилийн ойн хүрээнд Улсын Их Хурал, түүний Тамгын газраас Үндсэн хуулийн нийгэмд гүйцэтгэсэн үүрэг, ололт, амжилтыг бататган бэхжүүлэх, олон нийтэд сурталчлан таниулах, эрхэмлэн дээдлэх ухамсар соёлыг төлөвшүүлэх цуврал арга хэмжээнүүдийг зохион байгуулав. Тухайлбал, “Үндсэн хууль-30 жил” эрдэм шинжилгээний хурал, “Монгол Улсын Үндсэн хууль-30 жил” гэрэл зургийн үзэсгэлэн зэргийг дурдаж болно.

Ардчилсан шинэ Үндсэн хуулиар байгуулагдсан Улсын Их Хурал 30 жил

Монгол Улсад орчин цагийн парламент үүсэн байгуулагдсаны 30 жилийн ой 2022 онд тохиов. 1992 онд батлагдсан ардчилсан шинэ Үндсэн хуулийн дагуух Монгол Улсын Их Хурлыг сонгох анхдугаар сонгуулиар байгуулагдсан 1992-1996 оны Улсын Их Хурал нь парламентын хөгжлийн түүхэнд онцгой байр суурь эзэлдэг.

Тийм ч учраас 1992-1996 оны Улсын Их Хурлын Монгол төрийн болон парламентын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, ач холбогдлыг парламент байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд илүү тодотгон авч үзэж, тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ хүрээнд Улсын Их Хурал, түүний Тамгын газраас анхны Улсын Их Хуралд сонгогдон ажилласан гишүүд болон ар гэрийнхнийг хүлээн авч, хүндэтгэл үзүүлэв. Мөн “Эмэгтэй парламентчдын чуулган-2022” арга хэмжээг зохион байгууллаа.

“Парламентын боловсрол” хөтөлбөр хүрээгээ тэлэв

Монгол Улсын бүх хүн амд чиглүүлэн ардчилсан тогтолцоонд парламент ямар үүрэг гүйцэтгэдэг болохыг, парламент үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ төлөөллийг хангасан, ил тод, үр нөлөөтэй байх нь ямар чухал болохыг цогц, системтэй, үе шаттай ойлгуулах, тайлбарлан таниулахад чиглэгдсэн “Парламентын боловсрол” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагааг 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Улсын Их Хурал, түүний Тамгын газраас албан ёсоор зохион байгуулсан. Хөтөлбөр 2022 онд амжилттай үргэлжиллээ.

Тус хөтөлбөрийн хүрээнд “Парламентын боловсрол-Сургагч багш” дэд хөтөлбөрийг мөн 2022 онд хэрэгжүүллээ. Энэ дэд хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн 9 дүүргийн Ерөнхий боловсролын 62 сургууль болон дэлхийн 21 улс оронд үйл ажиллагаа явуулж байгаа 61 монгол сургуулийг төлөөлсөн 102 багшийг сургагч багшаар бэлтгэв. Түүнчлэн “Парламентын боловсрол” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд “Парламентын боловсрол” илтгэх ур чадвар, мэтгэлцээний аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа.

“Өсвөрийн парламент” хөтөлбөрийг хоёр дахь жилдээ үндэсний хэмжээнд зохион байгуулж байна

“Парламентын боловсрол” хөтөлбөрийн хүрээнд “Өсвөрийн парламент хөтөлбөр”-ийг Улсын Их Хурал, түүний Тамгын газраас хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна.

Парламентын боловсрол олгох үйл ажиллагаагаар дамжуулан Монгол орны өнцөг булан бүрийн хүүхэд залуусыг нэгтгэх, тэдний дуу хоолой, оролцоог шийдвэр гаргах түвшинд хүргэх, нийгэмдээ эергээр нөлөөлдөг, нээлттэй сэтгэлгээтэй, хариуцлагатай, идэвхтэй, дэлхийн иргэн болгож төлөвшүүлэх зорилготой, 9-11 дүгээр ангийн сурагчдыг хамруулсан, үндэсний хэмжээнд зохион байгуулагддаг тус хөтөлбөр 2021 онд “Уур амьсгалын өөрчлөлт, хувь хүний хөгжил” сэдвийн хүрээнд өрнөсөн бол 2022 онд “Сэргээгдэх эрчим хүч, байгаль орчинд ээлтэй ногоон амьдралын хэв маяг” сэдвийн хүрээнд хэрэгжиж байна.

Улсын Их Хурлын гадаад харилцаа, хамтын ажиллагаа

2022 оны эхний хагаст “Ковид 19” цар тахлын дэглэм харьцангуй суларсантай холбоотойгоор тодорхой хэмжээнд хязгаарлагдмал байсан Улсын Их Хурлын гадаад арга хэмжээ идэвхтэй өрнөж, парламентын гадаад харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр дараах онцлог арга хэмжээнүүд өрнөв. 

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу Монгол Улсад 2022 оны 09 дүгээр сарын 10-наас 12-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу нар Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийж, УИХ-ын дарга Г.Занданшатар уул уурхайн салбарын хамтын ажиллагааг харилцан ашигтайгаар урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх зорилгын хүрээнд Монголоос Хятадад экспортолж буй нүүрсний хэмжээг 2022-2025 оныг дуустал жил бүр 40-70 сая тонн байлгах квотыг харилцан тохиролцож, мөн нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ байгуулах, үндэсний мөнгөн тэмдэгт харилцан солилцох гэрээг сунгах хүрээнд своп хэлцлийн өрийг хөнгөлөх саналаа хэллээ. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны дарга Ли Жаньшу Монголын талын тавьсан хүсэлтийг чухалчлан үзэж онцгой анхаарал хандуулан, дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын урилгаар Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга Жорж Ж.Фюри, гэргийн хамтаар 2022 оны 10 дугаар сарын 09-нөөс 13-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ. Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга Жорж Ж.Фюри нар Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийж, энэ үеэр талууд хоёр улсын харилцааг шинэ түвшинд гаргахад “Иж бүрэн түншлэлийн төлөөх Монгол, Канадын хамтын ажиллагааны Замын зураглал”-ын хэрэгжилтийг хангаж, бодит үр дүнд хүргэхэд хоёр улсын хууль тогтоох дээд байгууллагын зүгээс бүх талын дэмжлэг үзүүлэхийн чухлыг харилцан нотоллоо.

Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентопын урилгаар Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2022 оны 10 дугаар сарын 13-наас 17-ны өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний  Их Хурлын дарга Мустафа Шентоптой ганцаарчилсан уулзалт хийсний дараа албан ёсны хэлэлцээ хийлээ. Хэлэлцээний үеэр талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны шатыг ахиулж, стратегийн түншлэлийн түвшинд хүргэхийг дэмжиж буйгаа харилцан нотлохын зэрэгцээ агаарын тээврийн хамтын ажиллагааг хөгжүүлэхийн тулд либералчлах асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх, үүний тулд нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх, суудлын хязгаарлалтыг цуцлах талаар ярилцаж, санал солилцов.

Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ким Жин Пюгийн урилгаар Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тус улсад ажлын айлчлал хийв. Айлчлалын хүрээнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний ассамблейн дарга Ким Жин Пё-той уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эрх зүйн орчныг улам төгөлдөржүүлэх хүрээнд хоёр улсын хамтарсан судалгааны үр дүнд үндэслэн “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр” байгуулах, “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг шинэчлэх ажлыг эрчимжүүлэхэд парламентын түвшинд дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

2022 ОНД БАТЛАГДСАН ОНЦЛОГ ХУУЛИУД

Төрийн хэмнэлтийн тухай хууль

Төрийн хэмнэлтийн тухай анхдагч хуулийг Улсын Их Хурал 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн баталлаа. Энэ хуулийг Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсөн.

Хууль батлагдсанаар төрийн бүх шатанд санхүүгийн сахилга батыг мөрдүүлж, ил тод байдлыг хангах, үр ашгийг нэмэгдүүлэх, үрэлгэн байдлыг хязгаарлах, хяналт тавих болон улсын салбарт хамаарах аливаа хуулийн этгээдийн зарим үйл ажиллагаанд хэмнэлтийн горимыг хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүллээ. Хуулийн үйлчлэлд бүх төрийн албан хаагч, төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд тэдгээрийн албан хаагчид, төрийн болон орон нутгийн өмчийн 50 болон түүнээс дээш хувийн оролцоотой хуулийн этгээд, мөн бүх шатлалын төсөв, тусгай сангууд, төсөвт авсан зээл, тусламжийн эх үүсвэр хамаарна.

Хуульд төсвийн байгууллага, бүх төрийн албан хаагчид, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, тэдгээрийн дарга, захирлын хангамж, зарим үйл ажиллагаа, түүнчлэн хөрөнгө оруулалт, бараа, үйлчилгээ худалдан авалтад хориглох зүйлсийг тодорхойлж, төрийн бүх шатанд санхүүгийн сахилга бат, хэмнэлтийн горимыг хэрэгжүүлж ажиллахыг заасан. Хуулийн заалт нэг бүрийг ягштал хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, хэрвээ хэрэгжүүлээгүй бол хариуцлага хүлээлгэж, ил тод мэдээлэх эрх зүйн орчин энэ хуулиар бий боллоо. 

Эрдэнэсийн сангийн тухай хууль

Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Улсын Их Хурал 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Энэ хуулийг 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс даган мөрдөж эхэлсэн.

Хууль батлагдсанаар Эрдэнэсийн сангийн эрх зүйн орчин боловсронгуй болж, Монгол Улсын түүх, соёлын өвийн эрх зүйн хамгаалалт сайжирч, үнэ цэн нэмэгдэх, Эрдэнэсийн сангийн орлого, зарлагын жилийн төсөв, гүйцэтгэлийн тайлан, тооллогын дүн олон нийтэд ил болж, Эрдэнэсийн сангийн хөрөнгийн нягтлан бодох бүртгэлийг илүү ойлгомжтой тодорхой болгов. Түүнчлэн Эрдэнэсийн сангийн эрхлэх үйл ажиллагаа өргөжиж, Монгол Улсын нутаг дэвсгэрт эрдэнэс эзэмшигч хүн, хуулийн этгээд, бусад байгууллага нь эрдэнэсийн санд худалдах эрдэнэс, тэдгээрээр хийсэн эдлэлд сорьц тогтоолгох нь сорьцын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаар хязгаарлагдахгүй, эрх авсан хувийн хэвшлийн хуулийн этгээдэд нээлттэй болж, олон улсын стандартад нийцсэн сорьцыг тогтоолгох, улмаар үнэт металлын эдийн засгийн эргэлт сайжрах эерэг үр дагавар бий боллоо.

Хөрөнгийн үнэлгээний тухай хууль

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг Улсын Их Хурал 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн баталсан. Хууль батлагдсанаар бизнес, эдийн засгийн таатай орчныг бүрдүүлэх, үнэлгээний олон улсын болон үндэсний стандарт, аргачлалыг хөрөнгийн үнэлгээнд нэвтрүүлж, хөрөнгийн үнэлгээний зах зээлийг өргөжүүлэх, эд хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулах, үнэлгээний хуулийн этгээд, хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллагыг чадавхжуулах, үнэлгээчний мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд бодит хувь нэмрээ оруулах эрх зүйн орчин бүрдлээ.  

Зөвшөөрлийн тухай хууль

Зөвшөөрлийн тухай хуулийг Улсын Их Хурал 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн баталсан. Энэ хууль 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ.

Хууль батлагдснаар Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагааны төрөл, жагсаалт болон эдгээртэй холбогдох суурь харилцаа тодорхой болсон. Мөн Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал болон зах зээлийн харилцаанд оролцогч, иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах цэгцтэй механизмыг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой төдийгүй төрөөс аливаа зөвшөөрөл олгох үйл ажиллагааг ил тод болгож, цахимаар зохион байгуулах, хэн нэгэн албан тушаалтан дураараа зөвшөөрөл бий болгох болон зөвшөөрлийн тоо, төрлийг нэмэгдүүлэхийг хориглох заалтыг тусгасан. Энэхүү хуулиар төрөөс олгодог зөвшөөрлийн тоог 5 дахин бууруулсан.   Эдгээр эрх зүйн шинэ орчин нь хүнд суртал, зардал чирэгдлийг мэдэгдэхүйц багасгаж, цаашлаад авлига, албан тушаалын гэмт хэрэг буурах, манай улсын авлигын индекс болон эдийн засгийн голлох үзүүлэлтүүдийг сайжруулахад эерэгээр нөлөөлөх ач холбогдолтой юм.

Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг Улсын Их Хурал 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн баталлаа. Хуульд дараах асуудлыг тусгасан. Үүнд: Донорын насны доод хязгаар 25 байсныг 21 болгож өөрчилсөн; Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн байгууллага цусны болон эс, эд, эрхтний амьд донорыг тухайн эзний зөвшөөрлийг үндэслэн олон нийтэд таниулах, алдаршуулах, амьгүй донор болон түүний гэр бүлд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг хууль ёсны төлөөлөгчийн зөвшөөрлийг үндэслэн зохион байгуулж байхаар тусгасан; хууль батлагдсанаар Монгол Улсад эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах тусламж, үйлчилгээний хүрээ нэмэгдэж, гадаад улс руу чиглэсэн мөнгөн урсгал буурч, иргэдийн амьд явах, эрүүл мэндээ хамгаалуулах эрх хангагдах юм.

Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль

Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийг Улсын Их Хурал 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж баталсан. Уг хууль 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ.

Хууль батлагдсанаар паркийн үйл ажиллагааг удирдан зохицуулах асуудал нэгдсэн бодлого төлөвлөлттэй болж, үйлдвэрлэлийн хүчин зүйлсийг тодорхой байршилд төвлөрүүлэн, дэд бүтцийн төвлөрсөн хангамж бий болж, паркийн үйл ажиллагаанд төрөөс бодлогын болон бусад шаардлагатай дэмжлэгийг үзүүлэх хууль, эрх зүйн орчин бүрдлээ. Түүнчлэн, хөрөнгө оруулалт татах эрх зүйн таатай орчин бий болж, гадаад дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдэх, сургалт, судалгаа, шинжилгээний үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, шинэ дэвшилтэт техник технологийг нэвтрүүлж нутагшуулах, технологийн тасралтгүй хөгжлийг хангах үйл ажиллагааны талаарх зохицуулалтууд бий болж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд техник технологийн дэвшлийг ашиглах нөхцөл бүрдэх, үйлдвэрлэлийг цогцолбороор нь хөгжүүлснээр бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг түргэсгэх, дагалдах жижиг, дунд үйлдвэр, өрхийн үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжих ач холбогдолтой.

Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих тухай хууль

Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих тухай хуулийг Улсын Их Хурал 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн баталлаа. Уг хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Энэ хуулийн зорилт нь согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох, экспортлох, худалдах, түүгээр үйлчлэх, хэрэглэхтэй холбогдсон харилцааг зохицуулж, архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх, архидан согтуурахтай тэмцэхэд оршино.

Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг дуудлага худалдааны үндсэн дээр олгох ба ингэхдээ хүн амын нягтрал, байршил, үйлдвэрийн хүчин чадлыг харгалзан тусгай зөвшөөрлийн тоог Засгийн газар тогтоох, дэлхий нийтийн жишиг, хүний биеийн онцлог, хуулийн хэрэгжилтийг нэг мөр хангах нөхцөл болон бусад эрх зүйн зохицуулалтыг харгалзан согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх насыг 21 байхаар хуульчиллаа.

Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль

Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг Улсын Их Хурал 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн, баталлаа. Уг хуулийг 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хууль батлагдсанаар мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, иргэдийн хоорондын харилцааг эрх зүйн хувьд шийдэх боломж бүрдсэн. Мөнгөн зээлийн үйл ажиллагаа буюу ломбардын үйл ажиллагааг зохицуулах хууль нь иргэдийн барьцаа хөрөнгийг байгаа хэмжээнээс нь доор үнэлгээтэйгээр барьцаалж авах, өндөр хүүтэй өдрийн зээл зэрэг асуудлыг зохицуулсан чухал хууль болсон юм.

Засгийн газар дахь хяналтын тухай хууль

Засгийн газар дахь хяналтын тухай хуулийг Улсын Их Хурал 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж баталсан. Уг хууль 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ.

Хууль хэрэгжсэнээр захиргааны байгууллагын үйл ажиллагааны оновчтой, үр дүнтэй байдалд хяналт тавих, бүтээмжийг дээшлүүлэх гол ач холбогдолтой юм. Ингэснээр төрийн албанд ёс зүй, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, төрөөс иргэн, аж ахуй нэгжид үзүүлж буй үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хяналт тавих, төрийн өмчит аж ахуй нэгжийн үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх, хүний эрхийг хангасан бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих боломж бүрдэнэ.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг Улсын Их Хурал 2022 оны 12 дүгээр сарын 09-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж баталсан.

Энэ хууль төр хувийн хэвшлэлийн түншлэлийг дэлхий нийтийн олон улсын стандартад нийцүүлж шинэлэг байдлаар реформын шинжтэй өөрчлөлт хийхээр баталснаараа онцлог юм. Нийтлэг агуулга нь хувийн хэвшлийн оролцоог хангах, төр хувийн хэвшлийн түншлэлийн үндсэнд тухайн бизнесийн үйл ажиллагаа, төрийн үйлчилгээ, нийтийн зориулалттай дэд бүтцүүдийг бий болгосноор удаан жилийн хугацаанд бизнесийг нь тогтвортой болгох, хүртээмжтэй байх зорилтыг тавьсан. Мөн гадаад талдаа хөрөнгө оруулагчдын татах боломжийг бүрдүүлэх зохицуулалт хийсэн юм.

Таны сурталчилгаа