Өнөөдөр /2023.01.06/ Ардчилсан намын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга И.Мөнхжаргалаар ахлуулсан АН-ын Зөвшилцлийн ажлын хэсэг Төрийн ордноос мэдээлэл хийлээ.
Хэвлэлийн хуралд Ардчилсан намын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга И.Мөнхжаргал, ЗАХ-ийн гишүүн Д.Эрдэнэсувд, АН-ын УТЗ-ийн гишүүн Ш.Түвдэндорж, ҮБХ-ны гишүүн П.Нүрзэд нар болон бусад ажлын хэсгийн гишүүд оролцов.
Хэвлэлийн хурлын үеэр Ардчилсан намын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга И.Мөнхжаргал хэлэхдээ, “Ажлын хэсэг 2 сарын хугацаанд намын гишүүдийнхээ дуу хоолой, үзэл бодол, үгийг сонслоо. Өнөөдрийн байдлаар Ардчилсан намын бүх гишүүд эв нэгдэл, эвлэрлийн тухай ярьж байгаа нь маш сайн зүйл байна. Ардчилсан нам сөрөг хүчнийхээ хувьд байр суурь, үзэл баримтлал дээрээ нэгдэж 2024 оны сонгуульд эрх баригчдын эсрэг сөрөн зогсох чадвартай, эрх баригч нам байхын тулд эвлэлдэн нэгдэж байна. Бидний нэгдсэн шалтгаан бол Монгол Улсад нүүрлээд байгаа төр нь төрөө тонодог. Эрх баригчдын даварсан үйлдлийг таслан зогсоож, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх зорилго дээр нэгдэж байгаа юм. Ардчилал хүний эрх чөлөөг дээдлэх зарчим дээрээ нэгдэж байна. Өнөөдөр үүсээд байгаа бидний маргаан бол энэ нийгмийн амьдралын өмнө жижиг асуудал. 2024 оны парламентын сонгуульд Ардчилсан нам нэг нэр, нэг тугийн доор, нэг нэр дэвшигчтэй оролцох болно. Мөн Ардчилсан намын үзэл баримтлал, Үндсэн дүрмийн хүрээнд намын гишүүдийн санал дүгнэлтийг үндэслэн цаашдын бүтэц зохион байгуулалтыг хамтран шийдвэрлэхээр тогтож байна. Ардчилсан нам эв нэгдлээ хангаж, цаашдын үйл ажиллагаандаа нэг зүйл дээр төвлөрсөн шүү гэдгийг нийт гишүүдэд дуулгахад таатай байна. Эв нэгдлээ дэмжиж хамтран ажиллахыг Ардчилсан намын нийт гишүүддээ уриалъя” гэлээ.
Мөн Зөвшилцлийн ажлын хэсгийн гишүүн Д.Эрдэнэсувд хэлэхдээ, “Өнгөрсөн 2022 оны 11 дүгээр сард АН-аас 12 хүний бүрэлдэхүүнтэй зөвшилцлийн ажлын хэсгийг байгуулсан. Зөвшилцлийн ажлын хэсэг маань АН-д үүсээд байгаа дотоод асуудлаа хэлэлцэх, асуудалд шийдлийн гарцыг тодорхойлох, санал боловсруулах зорилгоор зохион байгуулагдсан. Өнгөрсөн хугацаанд ажлын хэсэг өнөөгийн нийгэм, эдийн засаг, улс төрд тулгамдаад байгаа асуудлыг хэлэлцэж, намын гишүүдтэйгээ ярилцсаны үндсэн дээр үнийн өсөлт, инфляц таазанд тулсан, авлига, албан тушаал, нүүрсний хулгай гэх мэтчилэн гэмт хэргүүд маш ихээр гарч, ард иргэдийн амьдрал өдрөөс өдөрт хүндэрч байгаа энэ хүнд нөхцөлд улс төрийн хоёр баганын нэг нь болсон Ардчилсан нам сөрөг хүчнийхээ үйл ажиллагааг хүчтэй явуулахгүй бол цаашдаа улам дордох энэ эрсдэлийг тооцож үзсэн. Дотоодын үл ойлголцол асуудлыг хойш нь тавьж ардчилал аа хамгаалахын төлөө, иргэдийн амьдралыг сайжруулахын төлөө хамтран ажиллахаар ойлголцлын санамж бичгийг зурсан. Ардчилсан нам хүчтэй сөрөг хүчин байхын тулд бид 2024 оны бүх шатны сонгуульд нэг баг болж оролцохоо илэрхийлж байна. Мөн цаашдын үйл ажиллагаагаа Улс төрийн намын тухай хууль болон Ардчилсан намын Үндсэн дүрмийн хүрээнд бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаагаа хамтран зохион байгуулна” гэлээ.