Цаг үеийн мэдээ

Төрийн ордонд МАН-ынхан озолдоотой, АН-ынхан ноцолдоонтой байна. МАН-ынхан үнсэлдэж, АН-ынхан нүдэлдэж байна. МАН-ынхан секслэг, АН-ынхан бокслог байна. 

Өвгөжөөр ах нар нь боомтын сайдаар томилогдсон Х.Булгантуяаг орой үдшийн цагаар тас тэврэн, тачаадан үнгэсэн зураг дүрс +18 гэсэн анхааруулга, тэмдэглэгээгүй гарлаа.  УИХ-ын гишүүнийг сайдаар томилох нь төрийн давхар ажил хийх илүү ачаа даалгавар байтал төрийн одон авсан мэт баяр хүргэн шүлсэдлээ. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Тавантолгой хаана байдгийг мэддэггүй ч нүүрс гаргадаг боомт хариуцсан сайдын хацар хаана байдгийг маш сайн мэдэж, хамраа шалчийтал үнсэв. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн өөрөө сайд боллоо гэж Г.Мөнхцэцэгтэй нэг, Х.Булгантуяатай нэг, нийт 2 удаа эротик үзүүлбэрт тоглолоо. Ц.Даваасүрэнгээс сэтгүүлч “Та сайд болох уу?” гэж асуухад “Чи битгий инээд хүргээд бай” гэж хариулж байсан юм. Сайд болоод инээд нь ихэд хүрсэн нь ил тодорхой байна. Ц.Даваасүрэн ч, Г.Чинзоригийн ч өөрсдийнх нь тайлбараар бол хүслээрээ сайд болоогүй, битгий хойш суугаад бай гэх зэргээр Ерөнхий сайдаар шахуулж, яахав бодож үзье, цайны цагаар хариугаа хэлье гэх зэргээр бараг хүчээр арга буюу татуулж түлхүүлж байж сайд болцгоосон юм байна. Цагийг эзэлсэн, даяар дуурсах дархан сэхээтэн, олноос онцгой орос, англи хэлтэй, оройгоор бакалавр, эчнээгээр мастер болсон Б.Бат-Эрдэнэ бусдыгаа давхар дээл нөмрөхөө боль гэж өчигдөр нь хэлээд маргааш нь өөрөө аваад өмсчхөж байсан юм.  

Ц.Даваасүрэн өмнө нь Эрчим хүчний, Г.Чинзориг нь ХНХ-ын сайд байсан. Ц.Даваасүрэн Барилга, хот байгуулалтын салбарыг мэдэхгүй ч барилгад амьдардаг туршлагатай, Г.Чинзориг нь эмч биш боловч эмнэлэгт нэг бус удаа үзүүлж явсан мэдлэгтэй хүн юм. 

Харин АН-ынхан озолдох биш ноцолдож байна.  Бүх юм нь хоёр болсон АН-ын УИХ дахь хоёр бүлгийн хоёр толгой хоорондоо гар зөрүүллээ. Танкчин байсан Д.Ганбат эхлээд амаар галлаж, О.Цотгэрэлийг ковидын үед Дүнжингаравын хашаанд хүн цуглуулснаас болж, хөдөө орон нутгаас ирсэн хүмүүс архидаж, олимпын аварга Н.Түвшинбаяр хүн зодож амь хохироосон тухай ярьсан. Танкчны үгэн сум О.Цогтгэрэлийн зүрхэнд хүрч,  төөлбөл чац адилхан ч тоолбол нас зөрүүтэй мань хоёр хилийн мөргөлдөөндөө хүрч, цагдаа дуудлаа. Д.Ганбат нь О.Цогтгэрэл нарыг бүлгийнхээ өрөөнөөс О.Цогтгэрэл нь Д.Ганбатыг бүлгийнх нь тамгатай нь хөөсөн. АН-ынхан Төрийн ордонд эвлэрлийн зөвлөгөөн хийсэн бол АН-ын хоёр бүлгийн дарга эвдрэлийн зөрөлдөөн хийсэн байна. С.Эрдэнийн талын хурлын тайзан дээр аймгийн заан, сүмо тайлбарлагч Алтанхуяг гэгч С.Эрдэнийг түлхэж унаган өшиглөн цэвэр ялж байсан удаатай.  С.Эрдэнэ өөрөө Х.Баттулгын талынхантай хэзээ ч эвлэрэхгүй гэж мэдэгддэг ч өөрийнх нь болон өрөөлийн гар хөлүүд нэгдэж байгаагаа өнөөдөр зарлаж, бас нэг шинэ оньсого таалгалаа. 

Таны сурталчилгаа